ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ
Шинжлэх ухааны ололт дэвшилд тулгуурласан Монгол төрийн оновчтой бодлого, тариаланчдын нөр их хөдөлмөрийн үр дүнд газар тариалангийн үйлдвэрлэл амжилттай хөгжиж дотоодын үр тариа, төмсний хэрэгцээг 100 хувь, хүнсний ногоог 50 хувь хангасан амжилтад хүрлээ.
Энэхүү амжилт нь Монгол оронд тариалангийн үйлдвэрлэлийг эрхлэх шинжлэх ухааны үндэслэлийг боловсруулах, үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, тос техникийн шинэ таримал сортуудыг бүтээх, шалгаруулж нутагшуулах, тэдгээрийг тариалах, хөрс боловсруулах, түүнийг элэгдэл эвдрэлээс хамгаалах, үржил шимийг дээшлүүлэх зэрэг Монгол оронд тариалангийн технологийг боловсруулж, үйлдвэрлэлд нэвтрүүлэх үйлсэд оруулсан манай хүрээлэнгийн үе үеийн эрдэмтэн, судлаачдын хөдөлмөр бүтээлийн үр дүн хөрс, газартаа шингэж хүн арддаа үр шимээ өгч байгаагийн тод жишээ билээ.
Өнгөрсөн хугацаанд манай эрдэмтэн судлаачид үр тарианы 110 сорт, бүтээж 20 гаруйг нутагшуулсан байна. Мөн төмсний 10 гаруй, хүнсний ногооны 40 орчим, жимс жимсгэнэ, чимэглэлийн ургамлын 20 гаруй сорт шинээр бүтээж, нутагшуулсны дээр технологийн заавар зөвлөмж 120 гаруйг боловсруулан гаргасан нь Монгол оронд тариалангийн үйлдвэрлэлийг шинжлэх ухааны үндэстэй хөтлөн явуулах гарын авлага, технологийн удирдамж болсоор байна.
Монгол орны үр тарианы үйлдвэрлэлийн 30 %, төмсний 70% хүнсний ногооны 60%, жимс жимсгэний 70 гаруй хувьд тус хүрээлэнгийн эрдэмтэн судлаачдын бүтээсэн сортууд тариалагдаж, тариалангийн хөрс хамгаалах, уринш боловсруулах, таримлыг тариалах, бордох зэрэг манай эрдэмтэд, судлаачдын боловсруулсан технологиуд тариалангийн үйлдвэрлэлд иж бүрэн нэвтэрсэн зэрэг чамлахааргүй амжилт гаргасан байна.
Тус хүрээлэнд хийгдсэн судалгааны ажилд тулгуурлан шинжлэх ухааны доктор 6, боловсролын докторын зэрэг 60 гаруй ажилтан хамгаалсан нь монгол оронд тариалан эрхлэх технологийг боловсронгуй болгон шинэчлэх онолын үндэс болж байна.
УГТХүрээлэн нь эх орны таримал, сортуудын нэр төрлийг олшруулах, тэдгээрийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхийг нэмэгдүүлэх, тариалангийн технологийг улам бүр экологийн чиг баримжаатай боловсронгуй болгох зэрэг Монгол орны газар тариалангийн салбарын өмнө тулгамдсан асуудлуудыг шинжлэх ухааны үндэстэй шийдвэрлэж, үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх замаар экспортын чиг хандлагатай, мэдлэгт суурилсан тариалангийн салбарын хөгжил, дэвшилд бодитой хувь нэмэр оруулахад үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна.
Сайн үйлс бүхэн улам дэлгэрэх болтугай
ЗАХИРАЛ Н.БАЯРСҮХ / Доктор (Ph.D), дэд профессор /