Лабораторийн ЭШАжилчдын анхааралд:                                                                         zar med 3                                                                         zar ,edee 2                                                                          Буцах

Амтат гуа тариалах технологи

Боловсруулсан: Ж.Байгалмаа /доктор Ph/, Б.Мөнхтөр /докторант/

Дархан-Уул аймаг, 2020 он

Агуулга

- Ач холбогдол.

- Аж ахуй, морфологи шинж чанар.

- Тарих талбай сонгох.

- Тарих талбайг бэлтгэх.

- Үрслэг болон үр тарих.

- Арчилгаа.

- Хог ургамалтай тэмцэх.

- Хураалт.

- Хадгалалт.

- Амтат гуаны болц гүйцсэнийг илэрхийлэх 5 шинж.

.

Ач холбогдол

Амтат гуа нь амттай байхаас гадна маш хэрэгцээтэй А, В1, В2, В6, В9, С, Н болон РР амин дэмүүд агуулагдана. Мөн хүний биед амин чухал эрдэс бодисуудыг агуулна. Үүнд: кали, кальци, магни, зэс, төмөр, хлор, цайр, йод, фтор, фосфор болон натри зэрэг олон төрлийн эрдэс бодисууд орно. Амтат гуаг хүнсэнд тогтмол хэрэглэхэд амьсгалын замын өвчнөөс урьдчилан сэргийлээд зогсохгүй дархлааг дэмждэг. Түүнд агуулагдах фолийн хүчил нь цусны эргэлтийг сайжруулан холестериныг гадагшлуулдаг төдийгүй, жирэмсэн болон хөхүүл эхчүүдэд тустай. Харин чихрийн шижинтэй, ходоодны шархтай хүнд нэн тохиромжгүй таримал юм.

.

Аж ахуй, морфологи шинж чанар

Амтат гуа (Cucumis melo) хулууны овгийн нэг наст өвслөг ургамал. Сортын шинж чанараас хамаарч үр жимс нь бөөрөнхийгөөс гонзгойдуу цилиндр хэлбэртэй. Өнгөний хувьд маш олон янтай, тод шараас цайвар хүрэн, цайвар ногооноос хар ногоон хүртэл өнгөтэй. Үр жимсний хальс нь гөлгөр, торлог, төрөл бүрийн зураастай. Махлаг эд нь шүүслэг, зөөлөн бөгөөд нягт, маш чихэрлэг бөгөөд анхилуун өвөрмөц үнэтэй. Амтат гуа нь өдрийн хэт халууныг даах чадвартай боловч шөнөдөө +14С0 хүрэхэд үндэс нь өвчилж, удаан сэргэж амт муутай, жижиг үр жимс өгнө.

.

Тарих талбай сонгох

Амтат гуа ус, агаар сайн нэвтрүүлэх чадвартай хөнгөн хөрсөнд (pH = 6-7) сайн ургана. Тарих талбайг нарны тусгал сайн тусдаг нөмөр газрыг сонгох нь чухал. Хэрвээ салхи ихээр шуурдаг талбайтай нөхцөлд нөмөр болгож наранцэцэг, эрдэнэ шиш, сорго зэрэг таримлуудыг талбайн захаар тарина.

Ээлжлэн тариалах системд сайн өмнөгч болох сонгино, сармис, лооль, үнэрт ногоо, шош, вандуй, цэс, чинжүүний дараа тарих ба хулууны авгийн таримал, лууван зэрэг таримлын дараа тарьж болохгүй.

.

Тарих талбайг бэлтгэх

Талбайг элдэншүүлэхийн өмнө ялзарсан бууц (20 т/га), үнс (200 кг/га) хийж хагална. Хэрвээ олон жил зөвхөн эрдэс бордоогоор бордсон бол хөрс хүчиллэг шинжтэй болдог тул хөрсийг саармагжуулах аргыг хэрэглэх шаардлагатай. Үүний тулд хүрэн хөрсөнд 300 г, элсэнцэр хөрсөнд 400 г хөрсний 10 см өнгөн давхаргад хольж өгнө. Үр тарих болон үрслэг шилжүүлэн суулгахын өмнө азотын бордоог (10-20 кг/га) хөрсөнд хольж өгнө.

.

Үрслэг болон үр тарих

Үрээр тарих

Урьд жил хураасан шинэ үрээр тарихад эм цэцэг бага үүсдэг тул 2-3 жил хадгалсан үрээр тарина. Үрийг тарихын өмнө 0.3% марганцын уусмалд 30-40 мин дэвтээж дараа нь цэвэр усаар сайтар зайлж ариутгана. Үрийг 5-р сарын сүүлч, 6-р сарын эхээр мөр хоорондоо 1.0-1.5 м, ургамал хооронд 70-80 см байхаар тооцож 4-6 см гүнд, нэг үүрэнд 3-5 ширхэг үрийг суулгана.

Үрслэгээр тарих

Үрслэгээр ургуулахдаа 5 - р сарын эхний арав хоногт багтаан зориулалтын 8х8, 9х9 см хоовонд 2-3 см гүнд 2-3 ш үр суулгана. Үрслэг ургах хамгийн тохиромжтой температур нь өдөртөө +20-+22С0 шөнөдөө +15-+17С0. Үр цухуйсны дараа хамгийн сайн хөгжсөн, том навчтайг үлдээж бусдыг нь тастана. Усалгааг хийхдээ үрслэгийн иш навчийг норголгүй хажуугаар нь үндэс өрчимд хийнэ. Үрслэг бойжуулах хугацаанд хөрсний өнгөн хэсгийг хуурай байлгахгүйн тулд тогтмол бага багаар усална. Үрслэгийн хугацаанд хоёр долоо хоног тутамд эрдэс бордоогоор (N20P20K20) бордож нэмэлт тэжээл өгнө.

Зураг 1. Үрслэг ургуулсан байдал.

Жинхэнэ 3-4 навч гарсан үед орой нахиаг тастаж хаяна. Ингэснээр салбар нахианууд шинээр үүснэ. Үрслэгийг ил талбайд шилжүүлэхээс 2 долоо хоногийн өмнөөс өлчиржүүлэх арга хэмжээ авна. Ил талбайд шилжүүлэхдээ үндэсний системийг гэмтээлгүй хоовонгоос сугалан авч урьчилан бэлдсэн үүрэнд суулгана. Шилжүүлэн суулгахдаа бүрхэг өдөр болон орой сэрүүнд хийнэ.

.

Арчилгаа

Усалгаа арчилгааг үрээр болон үрслэгээр шилжүүлэн суулгасан хоёрт адил хийгдэнэ. Арчилгаанд 2-3 удаа сийрүүлэлт хийх ба зөвхөн ургалтын эхний үед буюу мөр бүрхэх хүртэлх хугацаанд хийнэ. Мөр бүрхсэн тохиолдолд хөрсийг сийрүүлэлт хийж болохгүй харин бага зэргийн хог ургамлыг гараар түүж хаяна. Үүнээс гадна мөр бүрхэх хүртэл 2-3 удаа нэмэлт тэжээл өгөх ба анхны бордоог соёололт жигдэрсэн үед азотоор (40 кг/га), хоёр дахь нэмэлт тэжээлийг бутлалтын үед органик бордоо буюу исгэсэн бууцаар, гурав дахь нэмэлт тэжээлийг иш зэллэн мөлхөх үед фосфор, калийн бордооны уусмалаар (Р50К20) нэмж бордоно.

Ургамалд бордоо өгөх систем:

- Үндсэн бордоог 18-25 см гүнд

- Тарилтын өмнөх бордоог 5-6 см гүнд

- Ургалтын хугацааны бордоог 8-12 см гүнд өгнө

Хангалттай их ургац авах зорилгоор ишийг танах арга хэмжээ авна. Ингэхдээ гол ишэнд 2-3 үр жимс үүссэний дараа үзүүрийг нь танаж салбар хоёр иш үлдээж бусдыг нь танана. Нэг ургамалд 2-6 үр жимс улдээж бусдыг нь танана. Үр жимсийг ялзралаас хамгаалах зорилгоор доор нь дэвсгэр дэвсэж өгнө.

Амтат гуа хэт их чийгэнд дургуй тул хөрсний өнгөн хэсгийн 3-4 см чийггүй болсон үед усална. Усалгааг бороожуулах юм уу, намираагаар хийж болохгүй, харин шангийн болон дуслын усалгааг ашиглана. Ургамал бутлах хугацаанаас хойш усалгааг багасгах бөгөөд үр жимс боловсрох үед бүрэн зогсооно. Хэрэв усалгааг ихдүүлэх тохиолдолд үр жимс амтгүй болоод зогсохгүй үндэсний систем нь өвчлөлд нэрвэгдэх аюултай.

.

Хог ургамалтай тэмцэх

Өмнөгч таримлын дараа болон тарилт хийхээс өмнө хог ургамлыг өдөөж ургуулах зорилгоор усалгаа (100-200 м3) хийж хог ургамал ургасны дараа хагална. Ургалтын эхний үед 2-3 удаа сийрүүлж хог ургамлыг устгана.

Өвчин, хортон

Хэт чийглэг нөхцөлд амтат гуаны үндэс болон газрын дээрх эрхтэн мөөгөнцөр өвчнөөр өвлөх магадлал ихэсдэг.

Амтат гуаны өвчин: хуурамч гуалалт (Pseudoperonospora cubensis), антракноз (Colletotrichum orbiculare), фузариоз (), пероноспориоз ().

Хамгаалах, тэмцэх арга:

- Фитоспорин, Алирин, Бактофит зэрэг биобэлдмэлийг хэрэглэх,

- Ээлжлэн тариалах систем мөрдөх,

- Хог ургамлыг устгаж талбайгаас зайлуулах

- Үрийн материалыг ариутгах.

Амтат гуаны хортон: шүлхий хачиг (Tetranychus urticae), гуатны бөөс (Aphis gossypi), няслуур цох (Selidopogon diadema F.).

Зураг 2. Шүлхий хачиг, гуатны бөөс, няслуур цох

Тэмцэх арга:

- Фитоверм, Актовит, Битоксибациллин зэрэг биобэлдмэлийг хэрэглэх,

- Ээлжлэн тариалах систем мөрдөх,

- Хог ургамлыг утгаж талбайгаас зайлуулах,

- Хажуугийн талбайтай хамт устгал хийж байх

Механик, физик тэмцэх арга хэмжээ явуулах. Үүнд:

Янз бүрийн урхийг талбайн хэмжээнээс хамааруулан 10 м2 тутамд 1 ширхгийг газраас 40-60 см зайтай байрлуулан хэрэглэх (шөнийн цагт гэрлэн урхи, бусад өнгийн цавуут урхи, фермонон урхийг өдрийн цагт хэрэглэнэ), шавьжийг түүж, цуглуулан устгах арга хэмжээ авах.

.

Хураалт

Үр жимс боловсрох үед хураалтыг түүвэрлэн хураана. Боловсорсон үр жимс нь тод өнгөтэй болох, торлог бүрхүүл нь бага зэрэг хагарна, торлог бүрхүүлгүй сорт нь өвөрмөц үнэрийг ялгаруулах зэргээр илэрнэ. Хураалтыг өглөөний шүүдэр буусан цагаас нарны гэрлийн хамгийн хурц гийгүүлэлтээс өмнө буюу үдээс өмнө хийнэ. Үр жимсийг хураахдаа гараас таслахгүйгээр ургамлын хайчаар 5-7 см иш үлдээж хайчилна.

.

Хадгалалт

Хураалтын дараа амтат гуаг харанхуй, сэрүүн нөхцөлд хадгалж борлуулалтад гаргана. Хуурай сэрүүн нөхцөлд хадгалснаар тээвэрлэлт даах чадварыг нэмэгдүүлдэг онцлогтой. Мөн бүрэн боловсроогүй үр жимс нь эмзэг тул харанхуй сэрүүнд нөхцөлд таваарлаг чанараа алддаг. Хураалтаас борлуулалт хүртэлх хугацаанд хадгалах тохиромжтой температур +10-+12.5С0.

.

Амтат гуаны болц гүйцсэнийг илэрхийлэх 5 шинж

Амтат гуа нь 7-р сард нитратын агуулалт ихтэй байхаас гадна бүрэн боловсроогүй байдаг тул 8-р сараас эхлэн худалдан борлуулна. Худалдан борлуулахад түүний хамгийн гол үзүүлэлт болох өвөрмөц үнэр хэр ялгач байгааг анхааран хураах хэрэгтэй. Үнэр их ялгаруулж байвал тэр амтат гуа бүрэн боловсорсон, маш амтлаг болсныг илэрхийлнэ. Үүнээс гадна гар дээрээ өргөж үзэхэд хүн байвал болц гүйцсэний шинж, харин хөнгөн байвал махлаг эд хатаж шүүслэг байдлаа алдсаны шинж гэж үзнэ. Мөн тогшиж үзэхэд хөндий биш дуугарвал түүнийг 2-3 долоо хоног хадгалах боломжтой байдаг.

a-4.png

Зураг. Хураалтад бэлэн болсон амтат гуаны шинжүүд

  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01