Брокколи тариалах технологи
Боловсруулсан: П. Алтантуяа, ЭША
Дархан-Уул аймаг, 2020 он
Агуулга
- Ач холбогдол.
- Биологийн онцлог.
- Ээлжлэн тариалалт ба өмнөгч.
- Тарих сортууд.
- Хөрс бэлтгэх.
- Тарилт ба үрслэг бойжуулах.
- Ил талбайд шилжүүлэн суулгах.
- Ургалтын үеийн арчилгаа.
- Усалгаа ба бордоо.
- Ургац бууруулагч шалтгаан голлох өвчин хортон, түүнтэй тэмцэх.
- Хураалт.
- Савлалт хадгалалт, тээвэрлэлт
.
Ач холбогдол
Брокколи байцаа нь тоонолжин цэцэгтэний овгийн 1 наст ногоо юм. Брокколи мөчирлөг толгой нягтран суусан ногоон, хөх ногоон тод ногоон өнгөтэй мөчрүүдээс бүрддэг. Брокколи С амин дэм К амин дэмээр баялаг ба фолийн хүчил, эслэгээр баялаг бөгөөд хүний биеийн эрүүл мэндэд ашиг туст антиоксидант бодисууд агуулдаг. Брокколи уурагт нэгдлээр баялаг бөгөөд уургийн бүрэлдхүүнд нь метинонин, холин, оролцдог тул хүний биед хорт хавдрын эсрэг дархлааг бий болгодог. Иймд дэлхийн хоол хүнс судлаачид брокколийг anticancer буюу хавдар эсэргүүцэгч топ ургамлын жагсаалтад зүй ёсоор нэрлэсэн байдаг. Брокколийг өдөрт хоолондоо хэрэглэснээр хүний биеийн тамир тэнхээ сайжирч, даралт тогтворжин, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн эрчимждэг ач холбогдолтой.
.
Биологийн онцлог
Брокколийн ургамал нь үр тарьснаас хойш цухуйлт ба соёололт, тэвгэн навчны үе шат, навч эгнээ бүрхэх, навч мөр хоорондын зайг бүрхэх, цэцэгт толгой үүсэх буюу толгой суух, аж ахуйн болц гүйцэх гэх мэт өсөлт хөгжилтийн 4-5 үе шатууыг дамжин ургадаг.
Брокколи байцаа сэрүүвтэр нөхцөлд ургадаг. Түүний ургах тохиромжтой температур 16-250С бөгөөд үүнээс дээш нөхцөлд энэ таримлын ургац буурдаг. Хүйтрэлтэнд тэсвэртэй. -7-100С –ийн цочир хүйтрэлтийг даана. Толгойлолтын үе шатандаа өндөр температур, ган халуунд эмзэг тул 250С-аас дээш дулаан нөхцөлд толгой нь задарч мөчирлөн цэцгийн иш үүсгэж эхлэн бүтээгдэхүүний чанар буурдаг онцлогтой.
.
Ээлжлэн тариалалт ба өмнөгч
Лууван, сонгино, төмс, буурцагт ургамал тарьж байсан талбай сайн өмнөгч болдог. Харин байцаа, шар манжин, хүрэн манжин, улаан лууван тарьж байсан талбай тохиромжгүй.
Брокколид сул шүлтлэг орчинтой буюу pH 6.7-7.4 хөрсний урвалын орчинтой хөрс тохиромжтой байдаг. Тарих талбайг бууц болон компостын бордоогоор 4-5кг/м2 нормоор бордоно.
.
Тарих сортууд
Манай оронд Тонус, Линда, Цезарь Фортуна, Витамиинная, China Green, Han Ra Dom, Raab Sabbini зэрэг сортууд амжилттай соригдсон бөгөөд өрхийн тариаланд тариалахад тохиромжтой.
Брокколийн сортуудын үрслэг шилжүүлэн суулгаснаас хойш болц гүйцэх хугацаа
Эрт болцтой |
Дунд болцтой |
Орой болцтой |
35-45 хоног |
45-55 хоног |
55-70 хоног |
Линда, Тонус, Цезарь |
Фортуна, Витаминная |
China green, Han Ra Dom |
.
Хөрс бэлтгэх
Үржил шим сайтай ялзмагаар баялаг хөнгөн шавранцар, элсэнцэр хөрсөнд тарина. Тарих талбайг хавар 5-р сард трактороор 20-25 см гүн хагалж борнойдон хөрсний гадаргууг сайтар тэгшлэн бэлтгэнэ.
.
Тарилт ба үрслэг бойжуулах
Брокколиг үрслэгээр тарина. Хавар 4-р сарын 1-5-ны хооронд хүйтэн дарлаганд, нийлэг хальсан хүлэмжжинд болон бүхээг дор тарьж болно. Үр тарих үржил шимт шороон хөрсийг бэлтгэнэ (хар шороо, бууц, элсийг 2:1:1 харьцаагаар хольж багсраад) дарлаганд 15-20 см зузаан дэвсээд сайтар тэгшилж услана. Ургамал хооронд 5х8см тэжээлийн талбайтай байхаар тооцож 4-6 г/м2 үрийн нормоор 1-1.5см гүнд тарина. Мөн хүлэмжинд хайрцаг сав, хоовонд тарьж болно. Үрслэгийн хөрсийг хайрцаг, хоовондоо хийж дүүргэн сайтар тэгшлээд услана. Хоовон том үүртэй 3.8-5см голчтой байхад тохиромжтой. Худалдаанд байдаг хөвдөн хөрсийг ашиглаж болно. Үр тарьмагц бүлээн усаар услана. Үр тарьсанаас хойш 5-7 хоноод бүрэн цухуйдаг.
Үрсэлгийн усалгааг хөрсний хаталтын байдлаас хамааран өдөр бүр, эсвэл 1-2 хоног тутам нарийн шүүртэй услуураар зөөлөн услана. Анхны жинхэнэ навч гарснаас эхлэн нэмэлт бордоо болгон 10л усанд 20г хийж уусгаад 2-3 удаа 10-14 хоногийн зайтай бордоно.
Хүлэмж дарлагын орчны дулааныг өдөрт 17-220С хэмд шөнөд 8-100С хэмд тохируулан агааржуулагч сэнс, салхивч, хаяавчийг сөхөх арга хэмжээ авна. Үрслэг 4-5 навчтай 15-20см өндөртэй, бахим бүдүүн иштэй байх нь зүйтэй ба 50-55 хоноод ил талбайд шилжүүлнэ.
.
Ил талбайд шилжүүлэн суулгах
Y/25-YI/5-ны хооронд ил талбайд шилжүүлэн суулгана. Талбайг сайтар тэгшилж, хог ургамлын цагаан соёоноос цэвэрлэн, хөрсийг ханатал услан 60х30см 60х40см тэжээлийн талбайгаар тооцон үүр цохиж бэлтгэнэ.
Бууц, биоялзмагийн бордоог үүр бүрт 20-30г нормоор хийж үрслэгийг үүрт хийж үндэс орчмыг шороогоор дарж хөнгөн нягтруулаад усална. Үрслэг сэргэн ургатал тарьснаас хойш 3-5 хоногт өдөр бүр усална.
.
Ургалтын үеийн арчилгаа
Талбайд шилжүүлэн суулгасан үрслэгийн навч эгнээ, мөр бүрхэх үеэс эхлэн хөрсийг гүхэн сийрүүлж бут бүрийг шороогоор манаж, хог ургамал түүх арчилгааг хийнэ
.
Усалгаа ба бордоо
Усыг ихээр ууршуулдаг тул хөрсний 20-40 см гүнд чийгшүүлж чадсан байхаар тооцон 250-350м3/га нормоор усална. Усалгааг том талбайд бороожуулагч системээр, бага талбайд уян хоолой /шланг/, гар услуураар өглөө оройн сэрүүнд хийх нь зүйтэй.
Брокколийг бордох тун, норм
Өсөлт хөгжилтийн үе шат |
Бордооны төрөл |
Бордох тун /кг/га |
Навч эгнээ бүрхэх |
Биоялмзаг |
Үүр бүрт 20-30г |
Бүрэн навчлалт |
NPК |
100 |
Толгой үүсэхийн өмнө |
NPK |
120 |
.
Ургац бууруулагч шалтгаан голлох өвчин хортон, түүнтэй тэмцэх
Брокколи хөрсний үржил шимт өндөр шаардлагатай, халуунд эмзэг, хэт өндөр температурын улмаас толгой сийрэгжин, өнгө гандаж хувирах, цэцгийн иш үүсч шар цэцэг гаргадаг. Энэ нь ургац буурах шалтгаан болох ба бүтээгдэхүүний чанарт муугаар нөлөөлдөг тул нэмэлт бордоогоор бордох усалгааг тохируулах, тарих хугацааг зөв тохируулах нь чухал.
Одоогоор манай оронд брокколийн өвчин төдийлөн тэмдэглэгдээгүй байгаа бөгөөд үрслэг бойжуулах үед хүлэмжийн орчны тохиргоог зөв горимд байлгаагүйн улмаас хар хөл өвчин тархах магадлал өндөр байдаг тул үрслэгийг салхилуулах, өлчиржүүлэх, цөөлөлт хийх арга хэмжээг авна_
Брокколийн голлох хортоноос манай оронд байцааны цагаан эрвээхэйн авгалдай үрслэг шилжүүлэн суулгасны дараа хөнөөлт үе нь тохиодог тул урьдчилан сэргийлж үрслэг суулгасны дараа децис 0. 25 мл нормоор 10л усанд найруулж автомаксаар тоосруулан шүршинэ. Энэ арга хэмжээг 1-2 удаа давтан хийх ба 5-7 хоногийн давтамжтай хийх нь зүйтэй. Мөн ургамлын ханд бэлтгэн шүршиж болно.
.
Хураалт
Брокколи байцааг толгой үүсч эхэлснээс хойш 7-10 хоногт багтаан мөчирт толгой задарч сийрэгжээгүй нягт, иш сунаж уртсаагүй богинохон байхад нь хураана. Хураахдаа гол ишин дээрээс нь толгойг 4-5 см иш үлдээн хутгаар зүсч авна.
Хураахгүй удаах буюу хураалтын хугацааг хоног алдаж хэтрүүлбэл толгойн өнгө хувирч, шинэ ногоон байдлаа алдан хөхөрч гандан улмаар иш сунаж мөчирт багц задран бүтээгдэхүүний чанар буурч улмаар хадгалалт тээвэрлэлт даах чадвар мууддаг. Брокколи байцааг хамгаалалтын навчнаас салгаж цэвэрлэн товарт шилжүүлнэ.
Гол толгойг хурааснаас доош ишний суганы мөчрүүдээс дагавар толгойнцорууд үүсэх ба энэ нь ургацыг 50%-иар нэмэгдүүлдэг. Дагавар толгойнцорууд 4-6 см хүртэл голчтой ургадаг тул хүнсэнд хэрэглэхэд тохиромжтой байдаг.
.
Савлалт хадгалалт, тээвэрлэлт
- Брокколиг мөстэй, хөөсөнцөр саванд нэг үеэр хийж 0-10 С темпеартурт АХЧ-ийн 90-95%-тай нөхцөлд 2 сараас ихгүй хугацаагаар хадгална.
- Хураан авсан шинэхэн брокколи байцааг хөргөлтийн төхөөрөмжтэй тээврийн хэрэгсэлээр 0-10С-ийн температурт 7-10 хоног тээвэрлэнэ.
- Ахуйн нөхцөлд хүнсний скочоор ороож хөргөгчний доод тавиурт хийж 5-7 хоног хадгална.