Лабораторийн ЭШАжилчдын анхааралд:                                                                         zar med 3                                                                         zar ,edee 2                                                                          Буцах

Чинжүү тариалах технологи

Боловсруулсан: Ж.Байгалмаа /доктор Ph/, Ц.Нарандэлгэр /доктор Ph/

Дархан-Уул аймаг, 2020 он

Агуулга

- Ач холбогдол.

- Нэршлийн түүх, ангилал.

- Гарал үүсэл.

- Биологи шинж чанар.

- Тариалах сорт.

- Үр жимсний биохимийн шинж чанар.

- Амтат чинжүүг тарих арга.

- Чинжүүний арчилгаа.

- Өвчин, хортон

.

Ач холбогдол

Хүнсний ногоонууд дотроос амтат чинжүү нь С амин дэмийн агуулалт хамгийн өндөртэй ургамалд тооцогддог. Амтат чинжүүний үр жимсэнд агуулагдах эрдэсүүд нь цусны бүрэлдэхүүнд оролцож, дархлаа сайжруулахад ихээхэн үүрэг гүйцэтгэдэг. Амтат чинжүү амин дэмээр маш баялаг тул судасны ханыг бэхжүүлэх, үсний ургалтыг түргэсгэх, хараа сайжруулах зэрэг ач холбогдолтой. Сахарын шижинтэй, цус багадалтай хүмүүс хоол хүнсэндээ хэрэглэхэд хамгийн тохиромжтой. Амтат чинжүүний нунтагтай тосон түрхлэгийг радикулит, артрит зэрэг өвчинд хэрэглэдэг болсон байна. Орчин үед өндөр настай, оюуны хомсдолтой хүмүүст хоол хүнсэндээ тогтмол хэрэглэж байхыг зөвлөдөг болжээ.Амтат чинжүү нь ой ухааны тогтоолтыг сайжруулах, төвлөрүүлэх, нойргүйдэл зэрэгт нөлөөлдөг өндөр ач холбогдолтой таримал юм.

.

Нэршлийн түүх, ангилал

Capsicum буюу чинжүүний төрөлд багтах цэсэнцэрийн овгийн таримал бөгөөд дотроо олон зүйл, янз дүрсүүдэд хуваагдана.

Capsicum латин нэрний гарал үүсэл нь латины сápsа ae f. - цүнх (үр жимсний хэлбэрээр), annuum – жил (зүйлээр нь), ánnus i m. – нэг жил гэсэн таримал ургамлын нэг жилийн ургалтын хугацаатай холбогдолтой.

Capsicum annuum L. зүйлийг дотор нь 3 янз зүйлд ангилжээ.

Capsicum annuum var. acuminatum – хүнсний ногооны шомбогор капсикум

Capsicum annuum var. annum – салатны чинжүү (болгарын)

Capsicum annuum subsp. grossum – хүнсний ногооны зузаан хальст. Энэ янз зүйлд бүх амтат чинжүүнүүд хамрагдана.

Эдгээр янз зүйл бүр нь дүрсийн хэсэг (series varietatum) ба дүрсүүдэд хуваагдана. Түүний ангилал нь: нэг наст чинжүү - Capsicum annuum L. нь том үр жимст (ssp.macrocarpum), жижиг үр жимст (ssp.microcarpum), багцлаг чинжүү (ssp.fasciculatum) гэж хуваагдана.

Том үр жимст чинжүүнд:

- Өргөн үр жимст сортууд (ser.var.grossum sendt)

- Ратунди сортууд (var.ratumdum)

- Долма сортууд (var.dolma)

- Зүрх хэлбэрт сортууд (var.cordatum)

- Урт үр жимст сортууд (ser.var.grossum sendt))

- Шомбогор үр жимст сортууд (var.conoides)

- Капи чинжүүний сортууд (var.kapia)

- Эвэр хэлбэрийн чинжүүний сортууд (var.corniforme)

Жижиг үр жимст чинжүүнд:

- Нохойн хошуу хэлбэрийн чинжүүний сортууд

- Каескийн чинжүүний сортууд (var.accuminatum Fingh)

- Энгийн чинжүүний сортууд (var.fusiformis)

- Мохоо оройт чинжүүний сортууд (var.abbreviatum Fingh)

- Интоор хэлбэрийн чинжүүний сортууд (ser.var.cerasiforme Miil)

Багцлаг үр жимст чинжүүнд – ssp.fasciculatum Frish зэрэг нь багтана.

.

Гарал үүсэл

Амтат чинжүү нь Америкийн өмнөд хэсгээс гаралтай бөгөөд одоо ч зэрлэг хэлбэрээр ургадаг байна. Ердийн чинжүү Capsicum annuum L. өмнөд Мексик, Төв Америк, Гватемала улсуудад янз бүрийн хэлбэр дүрсээр тохиолдоно. Америк тивийг нээснээс хойш бусад улс орнуудад тархсан байдаг.

.

Биологи шинж чанар

Сэрүүн уур амьсгалтай нутаг оронд чинжүүг нэг наст гэж үздэг бол тропик буюу халуун нутаг оронд олон наст ургамал байдлаар ургуулдаг. Чинжүү нь дулаанд дуртай, ургах тохиромжтой температур нь 18-250C. Дөнгөж цухуйсан нялх ургамал нь 0.50C-ийн хүйтэнд хайрагдана. Харин хэт өндөр 350C-дээш хэмд үржлийн процесс явагдах боломжгүй болдог.

Том үр жимст чинжүү гэрлийг ихээхэн шаарддаг тул богино өдөрт иш нь нарийсах, навч цайвар ногоон өнгөтэй болж, цэцэг нь гөвөгдөн унадаг. Харин жижиг үр жимст чинжүү нь богино өдөрт илүү тэсвэртэй бөгөөд сайн үр тогтдог.

Чинжүүний үндэс хөрсний өнгөн хэсэгт тархсан байдаг тул усыг ихээр шаарддаг. Ургалтын эхэн үед чийг бага шаардах боловч цэцэглэлт, үр жимс суух үед чийгийг ихээр шаардана. Чийгний дутагдалд орсон ургамлын үр жимс нь томрохгүй жижиг бөгөөд гаж хэлбэртэй ургаж, ургац алддаг. Харин хөрсний чийг ихсэх тохиолдолд чинжүүний иш, навч шарлаж гундана.

Чинжүү нь хөнгөн, шавранцар үржил шим сайтай хөрсөнд сайн ургадаг. Хөрсний pH=8 байх нь хамгийн тохиромжтой. Өмнөгч нь буурцагт ургамлууд, хулууны овгийн ургамлууд, үр тарианы ургамал зэрэг орно.

.

Тариалах сорт

Амтат чинжүүний химийн найрлагад глюкоз, фруктоз, цардуул бага хэмжээгээр агуулагддаг. С амин дэмийн агууламжаар жижиг үр жимст сортууд аж ахуйн болцынхоо үед хамгийн ихээр агуулдаг. Том үр жимст чинжүүнд арай бага байдаг бөгөөд болц гүйцсэн чинжүү биологийн болцынхоо үед хамгийн ихээр агуулдаг байна. Мөн чинжүү каротинаар баялаг байдаг ба хуван шар өнгөтэй сортуудад каротин элбэг байдаг байна.

Гашуун чинжүүний сортуудад сахарын агууламж амтат чинжүүнээс их байдаг. Гашуун чинжүүний үр жимсний хүний хэл, ам дарвагнуулсан халуун чанар нь амин дэмийн нэгдэл болох капсаициний агууламж ихтэй холбоотой байдаг.

.

Үр жимсний биохимийн шинж чанар

Амтат чинжүүний тухай мэддэг хүн шууд л хамгийн өндөр С амин дэм агуулдаг гэдгийг маш сайн мэднэ. С амин дэмийн агуулалтаар нимбэг, үхэр нүднээс ч их байдаг. Үүнээс гадна витамин Р, витамин А (каротин), В-ийн төрлийн витаминууд агуулдаг. Амтат чинжүүнд кали, натрийн давс зэргээр эрдэс элементүүд илэрхийлэгдэнэ. Үүнд мөн фосфор, цайр, төмөр, йод багтана. Амтат чинжүүний өвөрмөц амтыг капсаицин гэх алколоид илэрхийлдэг бөгөөд тэр нь ходоодны үйл ажиллагааг дэмждэг.

.

Амтат чинжүүг тарих арга

Амтат чинжүүг тарьж ургуулахад зохих хэмжээний дадлага туршлага хэрэгтэй байдаг. Амтат чинжүүг тарих хугацаа, тариалах бүс нутаг, талбайд шилжүүлэн суулгах хугацаанаас хамаарч харилцан адилгүй байдаг. Гэхдээ 3-р сарын эхний долоо хоногоос хэтрүүлэхгүй тарих хэрэгтэй. Амтат чинжүүг тариалах бүсээс хамааран хүлэмж болон ил талбайд тарих хэдийч сортын онцлогоос хамаарч тохиромжтой тарих нөхцөлийг сонгоно.

Үрийг тарьснаас хойш 2 сарын хугацаанд бойжуулж талбайд шилжүүлэхэд тохиромжтой. Үрслэг бойжуулах хамгийн тохиромжтой дулаан 220C бөгөөд услах, цөөлөх, сийрүүлэх арга ажиллагаа орно. Мөн энэ хугацаанд нэмэлт бордоогоор бордох нь чухал. Үрслэгийг ил талбай болон хүлэмжинд шилжүүлэн суулгахын өмнө температурыг багасгах, агааржуулалтыг нэмэгдүүлэн өлчиржүүлэх арга хэмжээ авна.

Чинжүүний үрслэгийг хамгийн сүүлчийн цочир хүйтрэлт өнгөрсний дараа шилжүүлэх бөгөөд тарих талбайг урьдчилан сайтар бэлдсэн байвал зохино. Үрслэг шилжүүлэх хугацаа нь үдээс хойш буюу оройн цаг байвал зохимжтой. Солбицон тоос хүртдэг учраас амтат чинжүүний сортыг гашуун чинжүүтэй хамт тарьж болдоггүй.

Үрслэг тарих хөрсийг ялзмаг, элс, модны үнсний холимгоор (1 хувин : 2 стакан : 1-2 стакан) бэлдэнэ. Бэлдсэн хөрсийг 2 литр ус нэмж буцалгаж 40-450C хүртэл хөргөж үрийг суулгана. Усалгааг долоо хоногт 1 удаа хийнэ. Жинхэнэ хоёр навч гарсан үед үрслэгийг 8 см-ийн өндөртэй хоовонд шилжүүлэн суулгана.

Амтат чинжүү нь дулаанд дуртай ургамалд тооцогддог тул үрслэгийг бойжуулахад 20-320C дулаан хамгийн тохиромжтой.

Чинжүүний үрслэг бойжуулах аргыг судалсан дүнгээр үрслэгийг давтан шилжүүлэлт хийгдээгүй, 55 хоногийн настай үед хөрсөнд шилжүүлсэн тохиолдолд хамгийн өндөр ургац хураасан байна. Энэ нь үрслэгийн үед ургамлын үндэсний гэмтэл гардаггүй, үндэсний систем эрчимтэй ургаж ургамал шилжүүлэн суулгалтын үед амьдралт сайн байдаг бөгөөд өндөр ургац авах нэг үндэс болдог.

Чинжүүний үрслэг бойжуулах аргаас ургацын хамаарал, ц/га

Үрслэгийн нас, хоногоор

Шилжүүлэлт хийгдсэн

Шилжүүлэлт хийгдээгүй

65

101.6

140.4

60

107.4

136.0

55

90.0

148

50

83.4

145

45

74.8

107

38

60.0

105

32

60.0

76.1

.

Амтат чинжүүг цэцэглэлт эхлэхийн өмнө 7 хоногт 1 удаа усалдаг бол цэцэглэлт жигдрэх үеээс 7 хоногт 2 удаа хийнэ. Услах үеийн усны температур 25-280C байх шаардлагтай. Үрслэгийг ил талбайд шилжүүлснээс хойш хоёр удаа бордох шаардлагатай байдаг. Үндсэн буюу эхний бордоонд бууц буюу сангасаар, нэмэлт буюу хоёр дахь бордоог нийлмэл эрдэс бордоог хэрэглэнэ.

Амтат чинжүүний арвин ургац хураан авахад зарим нахиаг зориулалтын хайчаар таслах хэрэгтэй. Мөн үр жимс сайн суулгахын тулд цэцгийг бага зэрэг өглөө бүр доргиож байх нь чухал. Зөв тарьж ургуулсан амтат чинжүүнээс том хэмжээний, шүүслэг бөгөөд амтлаг үр жимс авах боломжтой.

.

Чинжүүний арчилгаа

Гэрэл

Чинжүүний үрслэгийн үед гэрэл, дулаан их шаардана. Гэрэл дутагдвал чинжүүний үрслэг сунаж ургах, цэцэглэлтийн хэмжээ багасна, цэцэг жимс унах, жимсний томролт муудах,өвчин үүсэх зэрэг гаж нөлөө илэрдэг.

Хөрсний чанар (pH)

Хөнгөн элсэнцэр /(pH 7-8/, ба шавранцар сул шүлтлэг хөрс тохиромжтой.

Усалгаа

Ургалтын хугацаанд 7-9 удаа услах боловч цэцэглэлт эхлэх, үр жимс үүсэх үед хамгийн ихээр ус шаардана. Усалгааг ургамлын үндэс орчимд өгөх нь хамгийн тохиромжтой тул дуслын усалгаан систем хэрэглэнэ.

Үрийг тарилтанд бэлтгэх

Үрийг тарихын өмнө эртжүүлэх, ариутгах зэрэг арга ажиллагаанууд шаардлагатай. Үрслэг бэлдэх үед үрийг 3-р сарын 2 дугаар арав хоногт багтаан зориулалтын хоовонд тарина. Чинжүүний үр нь 5-14 хоногийн дараа соёолдог.

Бордох

Үржил шим сайтай, ялзмагаар баялаг хөрсөнд сайн ургана.

Үндсэн бордоо: сангас, бууц

Нэмэлт бордоо: үрслэг шилжүүлсэнээс хойш 15-20 хоногийн дараа азотын бордоог уусмал байдлаар өгнө (10 л усанд 15 г)

Сайн өмнөгч

Хэмх, шар лууван, хулуу, буурцагтан

Муу өмнөгч

Төмс, лооль, чинжүү, цэс

Үрслэг тарих

Үрслэгийг ил талбайд 55-60 хоногийн настай, 20-25 см өндөртэй бахим бүдүүн иштэй, 7-9 навчтай болсон үед шилжүүлнэ.

Тарих схем

Гашуун чинжүүтэй хамт тарихгүй байх. Тэжээлийн талбай 40x50-60 см

Тарих гүн

Үрийг 0.5-1 см, үрслэгийг тэвгэн навч хүртэл гүнд суулгана

Өвчин хортон

Өвчин: альтернариоз, цагаан илжрэл, оройн илжрэл, хар хөл

Хортон: цагаан далавчтан, энгийн хачиг, бөөс

Арчилгаа

Усалгаа бүрийн дараа хөрсийг сийрүүлж хог ургамлыг устгана. Цэцэглэлт, үр жимс боловсрох үед бордох, 2-3 ишээр ургуулах, салаанаас дооших навчийг танах.

Ургац нэмэгдүүлэх, тоос хүртээх зорилгоор өглөө бүр цэцгийг доргионо.

Үр жимсийг хураахдаа зориулалтын хайч хэрэглэнэ.

Тариалах сортууд

Амтат чинжүүний сортууд:

Ил талбайд - Медаль, Ерошка, Чардаш, Сват, Памяти Жегалова, Казачок, Сластена

Хамгаалагдсан хөрсөнд - Интервент, Корнет, Модерн, Тибул, Авангард, Вельможа, Тирада

Гашуун чинжүүний сортууд:

Астраханский, Юбилейный, Непоседа, Салса, Чудо Подмосковья

.

Өвчин, хортон

Цагаан далавчтан /Tialeurodes vaporariorum/

Бие гүйцсэн шавьж цагаан шаргал өнгийн 1,0-1,5 мм урт биетэй, 2 хос далавчтай өндгөө хэсэг хэсгээр нь гаргана. Өндөгний өнгө нь цэнхэр, ногоовтор, сунасан зууван хэлбэрийн 0,2-0,25мм хэмжээтэй ба богинохон ишэнцэр дээр байрладаг. 4-5 хоногийн дараа хүрэн бор өнгөтэй болдаг.

Авгалдай нь хөгжлийн 4 үе шатыг дамжиж бие гүйцдэг. Өндөгнөөс дөнгөж гарсан авгалдай эхний 1-2 хоногтоо хөдөлгөөнтэй, 2, 3, 4 шантандаа хөдөлгөөнгүй болно. 3 дахь гуужилтын дараа 0,8-0,9 мм урт биетэй болдог. Жилд 8-12 удмаар үржинэ. 1 удамд шаардагдах ашигтай температурын нийлбэр 400 хэм. Авгалдай болон нимфийн шатандаа сахарлаг бодисыг ялгаруулдаг бөгөөд үүн дээр нь Cladosoporium sphaerospremumpenzig хэмээх мөөг ургаж навчны гадаргууг бүрхдэг. Иймээс ургамлын фотосинезийн процессыг удаашруулж үхүүлдэг.

Тэмцэх арга:

- Эрүүл үр суулгацаар тариалалт хийх

- Энкарз, фитосейлус зэрэг ашигтай шавьжийг хэрэглэх

- Шавьж наалдуулагч ашиглах

- Тариалахын өмнө ба хураалтын дараа хүлэмжийг хүхэр хүчлийн хийгээр утах

.

Шүлхий хачиг /Tetranychus uticae Koch/

Шүлхий хачиг /Tetranychus/-ийн төрөлд хамаарагдана. Жилд 20 хүртэл удмаар үржих ба нэг удмын хөгжилд шаардагдах ашигтай температурын нийлбэр 120 хэмээс хэтрэхгүй. 4- р сарын эхний 10 хоногоос эм хачиг навчны доод талд ногоон шаргал өнгийн бөмбөлөг хэлбэрийн өндөг гаргана. Өндөгний диаметр 0,12 мм, авгалдайн биеийн урт нь 0,12-0,13 мм, гурван хос хөлтэй.

Бие гүйцсэн энгийн хачигны хатган сорох амны эрхтэн сайн хөгжсөн, шаргал ногоон биетэй, биеийн хажуу талаар бор толбонуудтай. Эм нь эхээсээ арай том буюу 0,4-0,5 мм ут биетэй хачигны амьдрах тохиромжтой нөхцөл нь 28-30 хэм дулаантай, 35-55% харьцангуй чийгшилтэй орчинд идэвхитэй үржиж тархана.

Энгийн хачиг хүлэмжийн зай завсар, хөрсөнд байнга үүрлэж идэш тэжээл ховор үед түр зуур хооллохгүй хөдөлгөөнгүй байдалд ордог. Хачиганд гэмтсэн ургамлын навчин дээр жижиг цагаан толбонууд үүсэж шарлах ба цоордог. Хачигны тархалт ихэссэн үед навчны ирмэгүүд өнгөн талруу татагдаж, хачигны шүлсээр торлогдсон байдаг.

Тэмцэх арга:

- Хүлэмжийн ургамлыг тариалахаас өмнө химийн болон физик механикийн аргаар ариутгаж, хортон үүрлэж цаашид тархах боломжийг зогсоох.

- Химийн аргаар хачигтай тэмцэхдээ Данитол (10%) 70мл/10л, 2,5% Децис зэрэг инсектицидийг 10-16 мл/10л усанд найруулж хэрэглэнэ.

.

Гуатны бөөс /Aphis gossypii/

Талбайд, дарлаганд, хамгаалагдсан хөрсөнд тариалсан хүнсний ногоог гэмтээдэг. Зуны 2 хагаст ихээхэн хор хөнөөлтэй байдаг. Гэмтээсэн ургамлын навч нь хуйларч, иш нь тахийж, цэцэг нь унана. Авгалдай болон бие гүйцсэн шатандаа хөнөөл учруулна. Бие гүйцсэн шавьж нь далавчтай, далавчгүй хэлбэртэй байдаг. Далавчгүй нь янз бүрийн өнгөтэй байх ба шар, цайвар, гүн ногоон ихэвчлэн хар өнгөтэй 1,2-2,2 мм урт биетэй. Сахал нь биеийн уртаасаа богино. Далавчтай хэлбэр нь 1,2-1,9 мм урт, толгой цээжний хэсэг нь хар, хэвлий шар эсвэл бараан толботой, ногоон өнгөтэй. Эхэндээ далавчгүй хэлбэрээр тохиолдох бөгөөд дараа нь далавчтай эмэгчингүүд гарч тэдгээр нь нэг ургамалаас нөгөөд, улмаар нэг талбайгаас бусад талбайд шилжин шинээр колони үүсгэнэ. Энэ үед хор хөнөөл ихэсдэг. Аль болох бөөсний тархалт бага байх үед химийн аргыг хэрэглэж эхэлбэл үр дүн сайтай. Авгалдай, нимфийн шатандаа хог ургамал дээр өвөлждөг

Тэмцэх арга:

- Шилэн дарлага ба хүлэмжийн чинжүүг 2,5% децис 10 мл./10 л усанд найруулсан уусмалаар шүршинэ.

- Ил талбайд Сумицидийн (20%) 16мл/10л, Децис (2,5%) 16мл/10л, Пегас 250 инсектцидийг 50 мл/10л уусмалд тооцон аль нэгээр нь 7-14 хоногийн давтамжтай 2-3 удаа хэрэглэж болно.

.

Оройн илжрэл /Bacterium Lycopersica/

Энэ өвчин нь хүлэмжийн хөрс, агаарын чийгшил багасах, температур ихсэх болон азотын илүүдэл, кальцийн дутагдалд орсон үед үр жимсэнд илэрдэг. Дөнгөж боловсорсон жимсний оройд жижгэвтэр бараан өнгийн усархаг толбо хэлбэрээр илэрнэ. Энэ толбо нь аажимдаа харлаж жимс хатаж хуурай болдог. Мөн болц гүйцсэн үед өвчилбөл жимсний оройн хэсэгт саарал өнгийн, зуувандуу нойтон толбо хэлбэрээр илрэх ба ил талбайд элбэг тохиолддог. Өвчин үүсгэгч бактери нь ургамлын үлдэгдэл, чисэнцэрийн овгийн зэрлэг ургамалд өвөлждөг бөгөөд ургалтын үед шавьж, усны дуслаар тархаж эрүүл ургамлыг өвчлүүлдэг.

Тэмцэх арга

- Ургамлын үлдэгдлийг устгах

- Тарих үрээ 0,5%-ийн марганцийн уусмалаар ариутгах

- Усалгааг тогтмол хийх

- Са, К-ийн бордоогоор бордох

.

Цагаан илжрэл

Өвчин үүсгэгч нь Sclerotinia sclerotiorum. Цагаан илжрэл өвчнийг үүсгэгч мөөг нь чинжүүнээс гадна хэмх, лооль, лууван, байцаа зэрэг олон таримлыг өвчлүүлнэ. Хамгаалагдсан аөрсөнд тариалагдсан чинжүүний ургамал өвчлөх үед үндэснээс дээх нь хэсгийн ишинд эхэндээ ус гүйсэн мэт толбо үүсч, цаашид илжрэн өвчилсөн хэсэг нь нилдээ цагаан өнгийн хөвсгөр мөөгөнцрөөн бүрхэгдэж, ургамал сульдана.

Ургамал өвчилсөн хэсгээрээ амархан тасарч хугаран салбарах бөгөөд тэр хэсэгт 0,3-0,7 см-ийн диаметртэй зууван бөөрөнхий хэлбэртэй хар өнгийн склероциуд үүснэ. Өвчин үүсгэгч склероци хэлбэрээр хөрс, ургамлын үлдэгдэлд өвөлжин хадгалагддаг.

Тэмцэх арга

- Арчилгааны явцад багажаар дамжин халдвар тархахаас сэргийлж ариутгал хорио цээрийн арга хэмжээ авах

- Эрүүл, цэвэр үрээр тариалалт хийх

- Хураалтын дараа ургамлын үлдэгдлийг хүлэмжээс зайлуулах

- Хүлэмжийн хөрсийг ариутгах, солих

.

Альтернариоз /Alternaria solani/

Зуны II хагасаас ихэвчлэн навчны судлын захаар хүрэн бор өнгийн толбо үүсч аажимдаа энэ нь дугуй өнцгөрсөн хүрэн болох ба өвчилсөн навч шарлаж хатдаг. Булцуун дээр дугуй хэлбэртэй, дотогшоо бага зэрэг хонхойсон хар саарал өнгийн толбо байдлаар илрэх ба хадгалалтын үед хуурай илжрэлийг үүсгэдэг. Өвчин үүсгэгч нь ургамлын үлдэгдэлд, хөрсөнд , өвчилсөн булцуунд мицели хэлбэрээр өвөлждөг. Уг өвчний тархалт гандуу жил элбэг тохиолддог.

Тэмцэх арга

- Намар ургамлын үлдэгдлийг устгах

- Навчин дээр өвчний анхны шинж тэмдэг илэрмэгц брестан 20 мл/10л, 80% цинеб 25 мл/10л, сандофон 50 мл/10л усанд найруулж эдгээрийн аль нэгээр 2-3 удаа 7-10 хоногийн давтамжтай шүршинэ.

.

Хар хөл /Pectobacterium phytophthorium

Өвчний гадаад шинж тэмдэг нь дараах 3 үе шатаар илэрдэг

- Ишний доод хэсэг харлаж илжрэх

- Навч шарлаж, хажуугийн найлзуур нь хуйлрах

- Жимс өвчилж ялзрах

Ишний шилбэ орчмоор харлан ялзарч татахад амархан сугарна. Өвчилсөн ургамал сульдан давжаарч, навч нь гол судлаараа мушгирч, гандан шарлана. Өвчтэй бутанд жимс үүсэх боловч ургац бага байна. Халдвартай, өвчилсөн жимс нь гадна талаасаа эрүүл жимстэй ялгагдахгүй боловч хөндлөн огтлоход жимсний столоны хэсгээс зөөлөн эд нэвчин харласан байдаг. Халдварын эх үүсвэр нь өвчилсөн жимс, хөрс юм.

Тэмцэх арга

- Өвчний шинж тэмдэгтэй ургамлыг ургалтын хугацаанд түүж устгах

- Эрүүл үрээр тариалалт хийх

- Хадгалалтын горимыг чанд баримтлах, өвчилсөн жимсийг ялгаж устгах

  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01