Лабораторийн ЭШАжилчдын анхааралд:                                                                         zar med 3                                                                         zar ,edee 2                                                                          Буцах

Дун ногоо тариалах технологи

Боловсруулсан: Б.Одончимэг, Ц.Нарандэлгэр

Дархан-Уул аймаг, 2020 он

Агуулга

- Ач холбогдол.

- Морфологи, биологийн онцлог.

- Хөрс, бордоо.

- Тарих хугацаа, тэжээлийн талбай.

- Сорт.

- Ургац хураалт, хадгалалт.

.

Дун ногоо – Стахис – Stachys affinis Bunge.

Ач холбогдол

Дун ногоо нь уруул цэцгийн язгуурт багтдаг олон наст ургамал. Булцуугаар үрждэг. Нүүрс ус, уураг агуулалт сайтай. Нүүрс-ус 15.5-19.5 %, уураг 1.5 %, 0.16-0.2 % нь тос агуулдаг. Дун ногоо сахарын шижин, туберкулез, гипертони зэрэг өвчнийг эмчлэх үйлчилгээтэйгээс гадна төв мэдрэлийн системийг тайвшруулж улмаар хоол боловсруулах эрхтэний үйл ажиллагааг дэмждэг. Түүний дун хэлбэртэй бяцхан булцууг хүнсэнд хэрэглэнэ.

.

Морфологи, биологийн онцлог

Эгц босоо, саглагар иштэй 50-80см өндөр ургана. Уртавтар өндөг хэлбэртэй, захаараа хэрчигдсэн илтэстэй, шилбэ урттай, үслэг навчтай, гол ишээ тойрч үелэн байрласан цайвар ягаан өнгийн жижиг цэцэгтэй, үр суудаггүй, намар орой цэцэглэнэ. Үндэс 5-40 см гүнд хүртэл, зонхилох хэсэг нь 10-20 см гүнд тархдаг.

Үндэсний систем хөгжил сайтай газрын доорхи иш нь олон салбарлаж, нахиа нь бүдүүрч булцуу сууж олон тооны дунг үүсгэдэг. Дунгийн урт 1-7 см, өргөн нь 0.5-2 см, масс нь 0.5-3 г хүрнэ. Нэг ургамалд дунджаар 80-120 ш заримдаа үүнээс олон булцуу үүснэ. Хүйтэнд гайхалтай өлчир.

.

Хөрс, бордоо

Дун ногоо үржил шим сайтай, сэвсгэр зөөлөн, чийглэг хөрсөнд сайн ургана. Дун ногоог уламжлалт аргаар хайрцаглаж эсвэл хамарлаж тарьж болно. Тарих талбайд 30-50 т/га ялзарсан бууцаар бордож 20-22 см гүн хагалж борнойдоно, элдэншүүлнэ.

.

Тарих хугацаа, тэжээлийн талбай

Дун ногоог эгнээ хоорондоо 60-70 см, ургамал хоорондоо 20-25 см зайтай 8-10 см гүнд нэг үүрэнд 1-3 ш булцуу хийж 5-р сарын 5-15-нд багтааж тариална.

Хуурай гандуу жил тарилтын өмнө цэнэг усалгаа хийх шаардлагатай. Дун ногоог тарьсны дараа хайрцаг ба хамраар ус гүйлгэн гар аргаар сайн услана. Ургалтын хугацаанд 3-5 удаа услаж хөрсийг суллан зэрлэгийг устгаж өгнө.

.

Сорт

УГТСЭШХүрээлэнд дун ногооны нутгийн дээжийг сонгон сайжруулж цэврээр үржүүлж “Сувд” сортыг шинээр гаргаж нутагшуулсан.

Сортын нэр: Сувд

Монгол оронд эртнээс тарьж байсан бөгөөд дун ногооны нутгийн дээжийн булцууг нь үржүүлж 1986 онд сонгон сайжруулах аргаар Сувд сортыг гарган авсан.

Сортын биологи аж ахуйн шинж чанар

Хүйтэнд гайхалтай өлчир, хөрсөндөө өвөлжих чадвартай. Жилд нэг удаа 50ц/га ургац өгнө. Шинэхэн байдлаар болон чанаж, шарж, давслах зэргээр хэрэглэнэ. Булцууундаа хуурай бодис 23-31.5%, нийлбэр сахар 6.8-11.6%, С витамин 6.7-9.0 мг% агуулдаг. Хөрсөн доор олон тооны булцуунууд үүсгэн тархаж ургадаг. Булцууны урт 2-7 см, 1-8 г жинтэй.

.

Ургац хураалт, хадгалалт

Дун ногоо хавар намрын цочир хүйтрэлтэнд огт гэмтдэггүй учир хэд хэдэн удаа хяруу унасаны дараа 10-р сарын эхээр ургац хураахад болно. Булцууг хүрзээр гишгэж гаргаад гараар түүж хураана. Дахин дахин шалгаж түүхгүй бол газар их хаягдана. Дун ногоог намар хөрснөөс ухаж аваад үрэнд тэнцэх булцууг хоёр янзаар хадгалж болдог.

Дун ногооны булцууг модон хайрцагт элслээд 0-20С-ийн дулаантай зооринд хадгалахад хорогдолгүй сайн ордог. Мөн шуудууны аргаар 70-90 см гүнзгий, 30-40 см өргөн 2-3 м урт шуудуу ухаад 20 см зузаан элс уланд нь хийгээд шуудай дэвсээд дээрээс нь дун ногоогоо 20-30см зузаан үелүүлэн хийгээд шуудайгаар бүтээгээд ахин 20 см зузаан элс хийж дээрээс нь шороогоор бүтээж хадгална.

Хулганатай газар дун ногоог шуудуунд хадгалж болохгүй. Онцгой тохиолдолд дун ногоог хөрсний өнгөн дээр нь бууц модны үртсээр хучаад өвөлжүүлж болно.

Дун ногоог шинэ байдлаар цуунд дарж давслаад гэрийн нөхцөлд консервлоод, эсвэл давстай буцалмал усанд 5-10 минут байлгаж дутуу болгоод ургамлын тосонд шарах зэргээр олон янзаар хүнсэнд хэрэглэж болно.

  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01