Лабораторийн ЭШАжилчдын анхааралд:                                                                         zar med 3                                                                         zar ,edee 2                                                                          Буцах

Дунд оройн болцтой байцай тариалах технологи

Боловсруулсан: П. Алтантуяа /ЭША/, Б.Одончимэг /ЭША/

Дархан-Уул аймаг, 2020 он

Агуулга

- Ач холбогдол.

- Биологийн онцлог.

- Ээлжлэн тариалалт ба сэлгээ.

- Тарих сортууд.

- Үрслэг бойжуулах.

- Үр тарих.

- Үрслэг ил талбайд шилжүүлэн суулгах.

- Ургалтын үеийн арчилгаа.

- Хураалт.

- Өвчин хортонтой тэмцэх.

.

Ач холбогдол

Бөөрөнхий цагаан Байцай нь хүнсний голлох ногоо юм. Байцайнд ус сахар болон хүний биед нэн ач туст эслэг, С, В1, В2, В3, В6, А, Е амин дэм, агуулагддаг ба түүнчлэн кали, кальци, фосфор, натри, төмөр, селен зэс цайр амин дэмээр баялаг ногоо юм.

Оройн болцтой бөөрөнхий Байцай нь арвин ургацтай болцуу нь 2,5-5 кг хүртэл жинтэй. Хадгалалт сайн даадаг тул давслах, даршлах, хатаах зэргээр урт хугацаанд хадгалж чанаж жигнэж, хэрэглэхэд тохиромжтой. Мөн хурааж авсны дараа шинээр нь салат зууш хийхэд амт чанар гойд сайхан.

Бөөрөнхий Байцайг хоол хүнсэндээ хэрэглэснээр эслэг ихтэй тул хоолны шингэцийг сайжруулах, бүдүүн гэдэс цэвэрлэх ба ходоод гэдэсний үйл ажиллагааг дэмждэг. Одоо үед Байцайгаар хоолны дэглэм барих, илчлэг бууруулах, жин хаях зорилгоор өргөн ашиглаж байна. Мөн хүний биеийн үрэвсэлт шарх, өвдөлт намдаах, цацраг туяа эмчилгээний хорыг саармагжуулах, хорт хавдрын эсийн өсөлтийг саатуулах үйлчлэлтэй. Өтгөн хаталтаас сэргийлэх, шамбарам өвчин эмчлэхэд нэн тустай.

Манай оронд Байцайг өргөн тариалдаг ба хураан авч буй хүнсний ногооны нийт ургацын 20 %-ийг Байцай эзэлж байна.

.

Биологийн онцлог

Бөөрөнхий Байцай нь тоонолжин цэцэгтний овогт хамаарагддаг 2 наст таримал. 50-60 см өндөр ургадаг. Хүйтэнд тэсвэртэй, сэрүүвтэр нөхцөлд (16-250 C)-д сайн ургадаг. Чийгсэг ургамал бөгөөд хүйтрэлтэд тэсвэртэй, -5-70-ийн цочир хүйтрэлтийг даана.

Байцай урт өдрийн ургамал тул гэрэл бага шаарддаг. Харин үрслэгийн үе шатанд гэрлийн шаардлага өндөр юм. Ус чийгийн шаардлага өндөр. Иймд хөрсний чийг багтаамж 85-90% нөхцөлд тохиромжтой сайн ургадаг.

Хөрсний шаардлага өндөр тул хүнд шавранцар, элсэнцэр, түүнчлэн хүчиллэг хөрс тохиромжгүй. Хөрсний уусмалын орчин 6.5-7 буюу саармаг хөрсөнд сайн ургадаг. Үржил шимээр баялаг хөнгөн шавранцар хөрсөнд тохиромжтой сайн ургадаг.

.

Ээлжлэн тариалалт ба сэлгээ

Оройн Байцайны үйлдвэрлэлийн томоохон тариалалт хийхэд хамгийн сайн өмнөгч бол олон наст өвслөг ургамал, даршны зориулалтаар тариалж байсан тэжээлийн ургамлын холимог шилдэг сайн өмнөгч болдог. Харин хүнсний ногооны талбайн эргэлтийн бүтцэд лууван, төмс, буурцагт ургамлууд сайн өмнөгч нь юм.

.

Тарих сортууд

Манай оронд оройн Байцайны Белорусская-455, Белорусская -85, Ширхэнцэг-13, Харрикейн зэрэг сортуудыг өргөн тариалж байна. Эдгээр сортууд нь газар тариалангийн бүс нутгуудад тариалахад тохиромжтой, арвин ургацтай, өвчин хортон, ган хүйтэнд тэсвэртэй, ирээдүйтэй болон нутагшсан сортууд юм.

Сорт: Белорусская-85

Манай оронд 1968 оноос эхлэн өнөөг хүртэл тариалагдаж байгаа нутагшсан сорт. УГТХ-д үрийг үржүүлж улсын хэрэгцээг бүрэн хангаж, өргөн тариалж буй дунд оройн болцтой сорт. Ургалтын хугацаа бүрэн цухуйлтаас хойш 140-150 хоног үргэлжилдэг. Өвчин хортон ган хүйтэнд тэсвэртэй. Толгойн боолт нягт. Бөөрөнхий хэлбэртэй, цагаан толгой үүсгэдэг. Навч дугуйдуу хэлбэртэй, хар ногоон өнгийн дугуйдуу хэлбэрийн навчтай. Гол иш богино. Толгой нь задардаггүй бөгөөд нягт тул хадгалалт тээвэрлэлт сайн даадаг. Зооринд хадгалахад хавар 4-р сар хүртэл амт чанараа алддаггүй. Шинэхэнээр болон дарж давслаж исгэж нөөшлөн хадгалахад тохиромжтой. Ургац арвин 440-480ц/га. Түүний 100г нойтон жинд С амин дэм 27.8мг%, хуурай бодис 6.8%, саахар 3.9% тус тус агуулагддаг.

Сорт: Ширхэнцэг-13

Дунд оройн болцтой сорт. УГТЭШХүрээлэнд О. Сүхээ, Д.Волоож нар Белоруская-85 сортын шилдэг удмуудаас ганцаарчилсан сонголтын аргаар сонгон сайжруулж гаргаж авсан ба 2000 онд нутагшсан сортоор батлагдсан. Ургалтын хугацаа урт, үрслэг шилжүүлэн суулгаснаас хойш 118-120 хоногт гүйцдэг. Навч том бөөрөнхий, хомбогор, богино шилбэтэй. Толгойн хэлбэр бөөрөнхий, цайвар цагаан өнгөтэй, дундаж жин 4.5кг. Ургац 993ц/га.

Биохимийн найрлага: С амин дэм 35.8мг%, хүчиллэг 0.17, саахар 3.7%

Сорт: Харрикейн F1

Дунд оройн болцтой Байцайны ирээдүйтэй сорт. Тэвгэн навч босоо, навчны илтэс дунд зэрэг өргөндүү, урвуу өндөг, эллипс хэлбэртэй, тод ногоон өнгөтэй, өнгөртэй мэт. Хүнхэрдүү, долгиолог ирмэг бүхий навчтай. Толгой бөөрөнхий, маш нягт, 1.9-3.2кг хүртэл жин татдаг ба хэмжээ жигд. Үрслэг шилжүүлэн суулгаснаас хойш 98-100 хоногт хэрэглээний болцод хүрдэг. Толгой дундаас том хэмжээтэй, товаарын ургац 328-634ц/га. Хадгалалт тээвэрлэлт даах чадвар сайн. 6-8 сар хадгалагдана.

.

Үрслэг бойжуулах

Оройн Байцайны үрслэгийг хүйтэн дарлага, энгийн нийлэг хүлэмж, бүхээгт алинд нь ургуулж болно. Дарлаганд тарих бол үржил шимт шороон хөрсийг 15-20 см зузаантай дэвсэж тарина. Харин хүлэмж, бүхээгт бол хөрсийг хагалж тэгшлээд халуун бүлээн усаар усалж үрийг тарина. Тарих хугацаа 4-р сарын эхний 10хоног. Мөн хоовонт хавтан, хуванцар аяганд үрслүүлж болно.

.

Үр тарих

Үрийг ургамал хоорондоо 1.5 см, мөр хооронд 5 см зайтайгаар 1,0-1,5 см-ийн гүнд тарьж хөрс бууцны холимгоор (2:1) 1-1.5см зузаан хучиж жаазаа тавьсан ба үр тарьсаны дараа цухуйлт эхэлтэл дарлагын температурыг 18-20 хэмд, цухуйлтаас хойш анхны жинхэнэ навч үүсэх хүртэл өдрийн цагаар 6-120с, шөнөд 6-80с байлгаж аль болох саруулхан гэрэл ихтэй байлгах ба учир нь Байцайны өсөлт хөгжилтийн энэ үе шатанд гэрэл дутаж, температур өндөр байвал үрслэг хялбар сунаж нялхардаг тул анхны жинхэнэ навч үүссэнээс хойш бүрхэг өдөр 12-150с цэлмэг өдөр 15-170с шөнөд 6-80с байлгана.

Үрслэгийг аль болох цөөхөн усалж, хог ургамлыг устгаж, хөрсийг сийрүүлж бордсон бөгөөд нэг удаагийн услалтаар 1м2талбайд 15-20 литр усаар тооцож усална. Анхны нэмэлт бордоог 2 дахь жинхэнэ навч үүсэхэд, дараагийнхыг 7 хоногийн дараа өгнө.

.

Үрслэг ил талбайд шилжүүлэн суулгах

Байцайны үрслэгийг таварынхыг 6-р сарын эхний 10 хоногт, эх ургамал сонгох Байцайг 5-р сарын эхний 10 хоногт багтаан ил талбайд шилжүүлж үрслэг суулгах үүрийг 0.5л орчим усаар усалж тарина. Үрслэгийг ил талбайд шилжүүлэхээс 1 хоногийн өмнө нэвтэртэл сайн усласан ба хортон шавьжтай тэмцэх зорилгоор Актараг зохих тун нормоор өгнө. Өсөлтөөр хэт давжаа, өвчин хортонд гэмтсэнийг заазлаж устгах ба бүрхэг өдөр юмуу өглөө, оройн сэрүүнд ил талбайд шилжүүлэх бөгөөд энэ үед амьдралтын хувь хэмжээг тооцно. Үрслэгийг суулгасан өдөртөө багтааж услах ба үрслэгийг шилжүүлсний дараа 2-3 хоноод үхсэн үрслэгийг нөхөж тарина..

.

Ургалтын үеийн арчилгаа

Услах норм эхний үед 350 метр куб/га, үрслэг шилжүүлснээс хойш 21-сарын дараа 400-500 метр куб/га болж ихсэх ба усалгааг 7-р сарыг дуустал 7-10 хоног тутамд, 8-р сараас 15-20 хоног тутамд услаж усалгааг 9-р сарын эхээр бүрмөсөн зогсооно. Усалгаа бүрийн дараа ургамлын орчим ба мөр хоорондын хөрсийг зөөллөж хог ургамлыг устгах арчилгааг бага талбайд бол гар багажаар юмуу КОН-2.8 сийрүүлэгчээр хийнэ.

.

Хураалт

Талбайн нийт ургамлын 20-25% хумиж хэрэглээний толгой үүсэх үеэс хураалтыг хийх ба болц гүйцсэн Байцай гялалзсан цайвар шар, дарж үзэхэд хатуурсан байна.

.

Өвчин хортонтой тэмцэх

Байцай хортонд нэрвэгдэмтгий. Олон төрлийн хортон тархан ургацыг хөнөөдөг. Тухайлбал: тоонолжинтны үсрэгч цох, бясаа, бөөс, хивэн, бүгэг, нугын бор эрвээхэй зэрэг хортонууд тархдаг. Үрслэг шилжүүлж суулгаснаас хойш нэг ургамалд 3-аас дээш тооны хортон үзэгдмэгц Фоскард хорыг 16л усанд 10 мл буюу 200л усанд 0.1 мл нормоор бодож хэрэглэнэ.

Байцайны зуны ялаа

Энэ ялаа нь гадаад төрхөөрөө гэрийн ялаатай төстэй боловч шаравтар саарал туяатай 7-8 мм урт биетэй. Авгалдай нь хөлгүй, толгойгүй, цагаан өнгөтэй, махлаг, хэвлийн төгсгөлд ижил зайнд байрласан 6 товгортой, 8 мм урт биетэй. Хүүхэлдэй нь зуувиндуу хэлбэртэй, хүрэн өнгөтэй. 6 мм урт. Авгалдай нь ургамлын үндэс, түүний гол хэсэг болох хажуугийн үндсийг идэж гэмтээх ба идэгдсэн ургамлын үндэс нь ялзарч хатах буюу үхдэг.

Тэмцэх арга: Үрслэг ургуулах хүлэмж, дарлагыг тохирсон химийн бодисоор ариутгал хийх, зуны ургалтын хугацаанд талбайн хог ургамлыг түүж цэвэр байлгах, ялааны ид нисэлтийн үед 2,5% децисийг 16 мл/10л тунгаар найруулан шүрших эсвэл 20% сумицидин 16 мл/10л усанд найруулж ургамлын үндэс орчимд шүрших зэрэг арга хэмжээ авна.

Байцайны бүгэг

Эрвээхэйн өмнөд далавч нь бор хүрэн өнгийн, дээрээ хөндлөн байрласан харавтар хос судалтай, хойд далавч нь арай цайвар өнгөтэй. Далавчных нь гадна талын захаар цайвар шаравтар өнгийн тахир зураастай. Далавчны дэлгэмэл 50мм орчим. Өндөг нь тал бөмбөлөг хэлбэртэй, оройгоороо салаалсан тууш судалтай, эхлээд шаравтар дараа нь саарал өнгөтэй6 Хүрэнцэрүүд нь 8 хос хөлтэй, ногоовтор саарал юмуу бор хүрэн өнгөтэй, хэвлийн тал нь арай цайвар, хажуу талаараа өргөн шар судлуудтай, нуруун дээгүүрээ тууш байрласан шаравтар өнгийн зураастай, 40-50мм урт биетэй. Уг эрвээхэйн хүрэнцэрүүд Байцайнаас гадна шар ба сармаг, улаан манжин, сонгино, вандуй, модлог ургамал, төмс, наранцэцэг зэрэг 70 орчим зүйлийн ургамлыг гэмтээдэг.

Бүгэгийн хүрэнцэрүүд ургамлын навчны дээр зуувиндуу хэлбэрийн нүхнүүдийг үүсгэн хооллох ба заримдаа зөвхөн бүдүүн судлыг үлдээж бусад хэсгийг идэж сүйтгэнэ. Намар Байцайны толгой хумилтын үед дотогшоо нэвтрэн орж нүх сүв үүсгэн сүйтгэх ба ялгадсаараа бохирдуулж бүтээгдэхүүний чанарыг муутгаж, удаан хугацаагаар хадгалах боломжгүй болгоно. Түүний хөнөөлт үе нь 7-р сард тохиох ба оройн болцтой Байцайг гэмтээдэг.

Тэмцэх арга: Ээлжлэн тариалалт сэлгээг зөв баримтлах, Байцайг нэг талбайд олон жил тариалахгүй байх, эрдэс бордоо хэрэглэж ургамлыг тэсвэржүүлэх, хүрэнцэр ихээр гарсан үед эндобактерин 70г/10л дендробацилин 50г/10л эсвэл 2,5% децис 16мл/10л усанд найруулан хэрэглэнэ. Түүнчлэн ургалтын хугацаанд хог ургамлыг тогтмол түүж талбайн гадуурх лууль шарилжийг хадаж устгах, намар хураалтын дараа ургамлын үлдэгдлийг талбайгаас зайлуулах зэрэг арга хэмжээ авна.

.

Хураалт

Байцайг түүвэрлэн хураах ба толгойн боолт, Байцайны өнгө зэргийн ажиглаж шалгана. Талбайн нийт ургамлын 20 хувь аж ахуйн болцонд хүрэх үед эхний түүвэр хураалт, дараагийн хураалтыг нийт ургамлын 30 хувь нь болц гүйцэх үед тус тус хийж, үлдсэнийг нэгмөсөн хураана. Эртийн Байцайг 7-р сарын 15-20-доор хураадаг. Байцайг 4-6 ширхэг ногоон хамгаалалтын навчтай, гол ишийг 4-5 см орчим уг үлдээж хутга, заазуураар тайрч авна.

  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01