Лабораторийн ЭШАжилчдын анхааралд:                                                                         zar med 3                                                                         zar ,edee 2                                                                          Буцах

Эртийн байцай тариалах технологи

Боловсруулсан: Б. Одончимэг /ЭША/, П. Алтантуяа /ЭША/

Дархан-Уул аймаг, 2020 он

Агуулга

- Ач холбогдол.

- Биологийн онцлог.

- Ээлжлэн тариалалт ба сэлгээ.

- Тарих сортууд.

- Үрслэг бойжуулах.

- Үр тарих.

- Хөрс бэлтгэх.

- Үрслэг ил талбайд шилжүүлэн суулгах.

- Арчилгаа.

- Өвчин хортонтой тэмцэх.

- Хураалт

.

Ач холбогдол

Байцааг хүнсэнд хэрэглэхэд хоолны шингэц сайжруулах, ходоод гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг нэмэгдүүлдэг бөгөөд хүнсэнд чанаж хуурч, давсалж хэрэглэхээс гадна төрөл бүрийн жороор консервлэсэн бүтээгдэхүүн хийж хэрэглэж байна.

Өнөөдөр дэлхийн хэмжээгээр жилд дунджаар 68584199 тн байцааны ургац хураан авдаг бөгөөд байцааны тариалангаар Хятад, Орос, Украйн улс тэргүүлж байна

Түүний болцуунд /толгойд/ олон төрлийн амин дэм, эрдэс давсууд, шим тэжээлт бодисууд агуулдаг байна.

.

Биологийн онцлог

Бөөрөнхий байцаа нь тоонолжин цэцэгтэний овогт хамаарагддаг 2 наст таримал. 50-60 см өндөр ургадаг. Хүйтэнд тэсвэртэй, сэрүүвтэр нөхцөлд (16-250 C)-д сайн ургадаг. Чийгсэг ургамал бөгөөд хүйтрэлтэд тэсвэртэй, -5-70-ийн цочир хүйтрэлтийг даана

Байцааны сортуудыг тэвгэн навч, толгойн өнгө, туяагаар нь цагаан forma alba forma rubra-улаан, forma semirubra– хөх ягаан гэж нэрлэдэг. Манайд голчлон бөөрөнхий цагаан байцаа, бөөрөнхий улаан байцааг тариалж хэрэглэдэг.

Бөөрөнхий цагаан байцаа нь манай орны хөрс цаг уурт дасан зохицсон, тогтвортой арвин ургацтай голлох хүнсний ногоо юм.

.

Ээлжлэн тариалалт ба сэлгээ

Тоонолжин цэцэгтний таримлуудаас бусад таримлууд сайн урьдавч болно.

.

Тарих сортууд

Байцааг ургалтын хугацаа болон боловрох хоногоор нь нэн эртийн, эртийн, дунд эртийн, дундын, дунд оройн, оройн болцтой гэж ангилна.

Ангилал

Ургалт гүйцэх хоног

Сортууд

Нэн эртийн

80-100

Бээжин-11, 58/98, Төмөр толгой /ихэвчлэн Хятадын сортууд/

Эрт болцтой

108-115

Номер Первый Грибовский-147, Хургалаг, Точка, Июньская-3200, Тиара F1

.

Үрслэг бойжуулах

Эртийн байцааны үрслэг ургуулах халуун дарлагыг хонины шар бууц, адууны хомоол ашиглан био халаалт үүсгэн хөрсийг халаадаг. Дарлагын нүхийг доошоо 70 см гүн, ёроолын өргөн 70-80см, урт 100-150см буюу трапец хэлбэртэй ухаж амсар дээр шургааг, эсвэл цементээр апалк цутган хүрээлнэ. Нүхэнд 50см хүртэл гүнд биохалаалтын бууц, хомоолыг дүүргээд хавар хөлдүү байх тул халуун усаар услаад дулаан хучлагаар битүү хучиж дарлагын тагийг тавиад 2-3 хонуулна. Халаалт явагдмагц үржил шимт шороон хөрсийг 15-20 см зузаантай дэвсэж сайтар нягтруулж тэгшлэж халуун бүлээн усаар усалж үр тарихад бэлэн болгоно.

.

Үр тарих

Услаж бэлтгэсэн дарлагын хөрсийг 5х5см зайтай нүхний хэв гаргач хэвээр дарж нүхлээд үрийг 0.5-1 см гүнд 1:1-ээр таррьж суулгана. Эсвэл хоорондоо 15 см зайтай мөр гарган ховил татаад үрийг 1 см гүнд суулгаж шороогоор хөнгөн хучиж нягтруулан нарийн шүүртэй услуураар зөөлөн усална. Үрийг 5-8г/м2 үрийн нормоор III/25-нд тарьж дарлагын жаазыг тавьж таглан хөвөнтэй туурга эсгийгээр хучна

Дарлагын дулаан шөнөд 7-100С, өдөрт 17-220С байхад тохиромжтой бөгөөд 4 сарын сүүлч 5-р сард гадаа дулаарсан үед өдөрт дарлагын тагийг сөхөж үрслэгийг гадна орчинд дасгаж өлчиржүүлнэ. Шөнөд тагийг буулгана.

.

Хөрс бэлтгэх

Байцаа нь үржил шим сайтай хөнгөн шавранцар, элсэнцэр хөрсөнд сайн ургадаг ба сүүлийн 2-3 жил байцааны овгийн таримал тарьж байгаагүй талбайд тарих нь зүйтэй бөгөөд төмс, сонгино тарьж байсан талбай сайн өмнөгч болдог. Байцаа тарих талбайг хавар бууцаар 20тн/га-с доошгүй нормоор бордож анжис, борнойн агрегатаар 20-25 см гүн хагалж борнойдно. Тарих талбайг 60см өргөн мөрөөр хамарлаж, эсвэл хайрцаглаж бэлтгээд үрслэг шилжүүлэн суулгахаас 1-2 хоногийн өмнө цэнэг усалгаа хийнэ.

.

Үрслэг ил талбайд шилжүүлэн суулгах

Эртийн байцааны үрсэлгийг 5 сарын 20-25нд ил талбайд шилжүүлнэ. 70х30см тэжээлийн талбайтай байхаар үүр ухаж ёроолд нь хөх бууц, эсвэл биоялзмагийн бордоо 20-30г орчим хийж тарина. Суулгах үрслэг 4-5 навчтай 20-25см өндөр өсөлт хөгжилт сайтай байх нь зүйтэй.

Үрслэгийг тарьж дуусмагц хөрсийг ханатал буюу 350-400м3 нормоор усална. Усалгааг бороожуулах намираа, усан буу аль ч усалгаагаар усалж болно. Бүрхэг өдөр юмуу өглөө, оройн сэрүүнд ил талбайд шилжүүлэхэд амьдралт сайтай байдаг. Суулгасан өдөртөө багтааж услана. Шилжүүлсний дараа 2-3 хоноод үхсэн үрслэг байвал нөхөн тарилт хийнэ

.

Арчилгаа

Усалгааг 8-10 хоног тутам хийх ба усалгаа бүрийн дараа хөрсийг сийрүүлж, маналт хийж хог ургамлыг түүнэ. Бөөрөнхий байцааны үрслэг шилжүүлэн суулгаснаас хойш маналт хийх явцад үүрэнд нь 20-30г нормоор биоялзмагийн бордоо, эсвэл сайтар ялзарсан бууцыг хуурайгаар үндэс орчим руу хийж өгч борддог. Нэмэлт бордоог ургалтын хугацаанд 2-3 удаа хийнэ.

.

Өвчин хортонтой тэмцэх

Ургалтын явцад тоонолжинтны үсрэгч цох, бясаа, бөөс, хивэн, бүгэг, нугын бор эрвээхэй зэрэг хортонууд тархдаг. Ялангуяа нугын бор эрвээхэйн хөнөөлт үе шат үрслэг шилжүүлэн суулгасны дараа тохиодог. Мөн үрслэг ургуулах явад хар хөл өвчин тархах нь элбэг ба ил талбайд ургуулах явцад салслаг бактериоз, фомоз, цагаан ба саарал илжрэл зэрэг өвчнүүд тархдаг. Иймд өвчин хортон илэрсэн тохиолдолд ургамлын ханд бэлтгэн шүрших хортоны тархалт ихсэх хандлагатай бол децис буюу хлорофосын 0.2-0.3%-ийн уусмал найрууллан шүршинэ.

Ургамлын хандыг царван, улаан лоолийн илүү салаа танасан иш навч, сонгины саримсны хальс, модны үнс зэрэг гарын дор материалаар бэлтгэнэ. Үүний тулд 200-300г орчим ургамлын массыг жижиглэн хэрчиж усанд 2-3 цаг буцалган хандлан хөргөөнө. Хандыг тунгаан шүүж 10л усанд найруулж 30г эдийн саван хийж уусган бэлтгээд шүршинэ. Ургамлын хандыг өглөө эрт салхи тогтуун үед эрвээхэйн нисэлт идэвхжихээс өмнө шүршихэд үр дүнтэй бөгөөд байцааны навчны илтэсийн доод тал болон иш рүү шүршинэ. Энэ арга хэмжээг 5-7 хоногийн зайтай 2-3 удаа гүйцэтгэнэ.

.

Хураалт

Байцааг түүвэрлэн хураах ба толгойн боолт, байцааны өнгө зэргийн ажиглаж шалгана. Талбайн нийт ургамлын 20 хувь аж ахуйн болцонд хүрэх үед эхний түүвэр хураалт, дараагийн хураалтыг нийт ургамлын 30 хувь нь болц гүйцэх үед тус тус хийж, үлдсэнийг нэгмөсөн хураана. Эртийн байцааг 7-р сарын 15-20-доор хураадаг. байцааг 4-6 ширхэг ногоон хамгаалалтын навчтай, гол ишийг 4-5 см орчим уг үлдээж хутга, заазуураар тайрч авна.

  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01