Гинз тариалах технологи
Боловсруулсан: П.Алтантуяа ЭША
Дархан-Уул аймаг, 2020 он
Агуулга
- Ач холбогдол.
- Биологийн онцлог.
- Ээлжлэн тариалалт ба өмнөгч.
- Тарих сортууд.
- Тарилт.
- Усалгаа ба арчилгаа.
- Хураалт ба хоол хүнсэнд хэрэглэх
.
Ач холбогдол
Эфирийн тост анхилуун үнэрт навчит үнэрт ногоо. Манай оронд зөвхөн өрхийн тариаланд маш бага хэмжээгээр тариалж шинэ байдлаар сүлжиж хатаагаад навчийг нь нунтаглан аль ч улиралд шөлтэй хоол, хуурган хоол амтлах, исгэсэн, нөөшилсэн ногоонд амт оруулах хачир болгон иш навч, баг цэцгийг бүтнээр нь хэрэглэдэг. Түүнчлэн ардын эмнэлэгт ашиглана. Тухайлбал зүрх судасны болон хоол боловсруулах системийн үйл ажиллагаанд маш их ач холбогдолтойг эртний анагаах ухаанд нотолсон байдаг. Ялангуяа ходоодны шархлаа, ходоодны төрөл бүрийн өвчнийг анагаах ач тустай. Мөн түүний үрийг зажлахад архины хордлого, үнэр багасч согтолтыг сааруулдаг байна. Үрэндээ тос их агуулдаг ба арьсны хуурайшилтын эсрэг тос гаргаж авдаг ба кулинарын үнэт түүхий эд буюу голлох амтлагч юм.
.
Биологийн онцлог
Гинз /кориaндр/ нь нэг наст үнэрт ногоо, шүхэр цэцэгтний овогт багтдаг. 70-100 см өндөр ургадаг ургамал. Голлосон үндэсний системтэй хүчирхэг, харин салбар үндсүүд нь хөрсний дээд давхаргад гүехэн байрлалтай. Эгц шулуун гөлгөр иштэй. Иш нь салаалж салбарласан ногоон өнгөтэй. Ишний оройд шүхэр баг цэцэг үүсгэдэг. Цэцэгс жижиг, цагаан, ягаан өнгөтэй. Навч нь гүн том цуулбарлагдсан ногоон өнгөтэй. Үрт жимс нь бөмбөлөг хэлбэртэй бор өнгөтэй. Хурц үнэртэй байдаг.
Гинз (кориандр) нь урт өдрийн ургамал тул гэрэл дутагдвал ургамлын өсөлт удааширна. Хөрсний чийгэнд ихээхэн мэдрэмтгий. Ялангуяа ишлэлтээс цэцэглэлт хүртлээ хөрсний чийгшилтийн нөхцөлд өндөр шаардлага тавьдаг. Гантай, халуун зуны өндөр температурт /350С дээш/ үрэвч нь унах, ногоон навчны үнэрт хүчтэй өөрчлөлт явагддаг тул хавар эрт тарих, эсвэл зуны сүүлчээр тариалж болдог.
.
Ээлжлэн тариалалт ба өмнөгч
Хог ургамлаас бүрэн чөлөөлөгдсөн талбайд буюу өмнөх зун нь уринш, цэвдэгшээр хагалж боловсруулсан талбай чийгэрхүү, хөнгөн шавранцар хөрсөнд тарих нь зүйтэй. Хамгийн сайн өмнөгч нь үр тарианы ургамлууд.
.
Тарих сортууд
Сорт: ДЕБЮТ
Энэхүү сорт нь манай орны хөрс цаг уурын нөхцөлд дасан зохицсон ургац шим тэжээлийн бодисоор баялаг дунд эртийн болцтой сорт юм. Цонх тагтан дээр тарьж ургуулаад жилийн турш шинээр нь хоол хүнсэнд хэрэглэхэд нэн тохиромжтой. Ил талбай хүлэмж хаа ч тариахлна. Үрээр тарихад, соёололтоос хойш 40-45 хоногт ногоон навчны ургац хурааж эхэлнэ.
Ургамлын өндөр 80-110 см, ургамлын жин 80-100г.хүрдэг. Ногоон навчны ургацыг 70см орчим өндөртэйд хайчилж хураадаг. Ургац 1.5-2.0 кг/м2. Анхилуун үнэрт навчтай тул хоол зуушинд үнэр амт оруулахад нэн зохимжтой.
Хөрс бэлтгэх
Гинз тариалах талбайг намар хагалж боловсруулсан байх эсвэл урьд зун нь гербицид цацаж хог ургамлаас бүрэн чөлөөлж намар хөрсийг цэвдэгшээр 27-30см гүн хагална. Хавар үндсэн бордоонд эрдэс бордоог N20-30P20-30K10 тунгаар бордох ба талбайг хөнгөн сийрүүлж тэгшлэх буюу роторт сийрүүлэгчээр боловсруулна.
.
Тарилт
Шууд үрээр тарина. Үрийг тарихын өмнө усанд норгож дэвтээнэ. Хавар эрт 4-р сарын 20-28-нд, зуны 2-р тарилт 7-р сарын эцсээр тус тус тарина. Үрийг тарихдаа 20-30см зайтай мөр татаж үрийг цувуулан тарина. Үрийн норм 2.5г/м2 Үр тарих гүн 2-3см. Тарих тэжээлийн зохистой талбай 35см2. Мөн туузлан тарьж болно. Тууз хооронд 50см зайтайгаар хоорондоо 20 см 3 эгнээ тууз гарган тарина.
.
Усалгаа ба арчилгаа
Гинзийн ургалтын үеийн гол арчилгаа бол усалгаа юм. Усалгааг өсөлт хөгжилтийн үе шатаас хамааран тохируулн. Ургалтын эхэн үед 3-5л/м2 нормоор, навчлалтын үе шатанд 5-8л м2 , харин үр боловсрох үед усалгааны нормыг багасгаж 2-3л/м2 нормоор тус тус усална. Усалгаа бүрийн дараа 2-3 хоноод хөрсийг сийрүүлж, хог ургамлыг түүнэ. Өвчин хортонд төдийлэн нэрвэгдэггүй ургамал.
.
Хураалт ба хоол хүнсэнд хэрэглэх
Үрээр тарьсан гинз нь 7-р сард цэцэглэж 9-р сард үр боловсорно. Ургамалд цэцгийн иш үүсч эхлэх үеэс түүвэрлэн хураана. Ургамлыг 10см өндөр иш үлдээн хайчилж авна. Шинэхэн хэрэглээний ногоон масс хураан авахаар тарьсан бол ургамалд цэцэг сууж эхлэх үед, эсвэл цэцэг шарлаагүй үед хураан авна. Ногоон навчийг шууд шинэ байдлаар зууш салат, бургер, махан хоолонд хэрэглэхээс гадна навчийг сүүдэр газар хатааж нунтаглаад амтлагч бэлтгэнэ. Мөн үрийг нунтаглаж хоол амтлагч бэлдмэл болгоно. Кулинарт тахианы мөх амтлагч карри хэлбэрээр өргөн ашигладаг.