Лабораторийн ЭШАжилчдын анхааралд:                                                                         zar med 3                                                                         zar ,edee 2                                                                          Буцах

Хүлэмжийн лооль тариалах технологи

Боловсруулсан: Ж.Байгалмаа, Ц.Нарандэлгэр, Б.Одончимэг

Дархан-Уул аймаг, 2020 он

Агуулга

- Ач холбогдол.

- Нэршлийн түүх, ангилал.

- Гарал үүсэл.

- Биологи шинж чанар.

- Лоолийг тарих арга.

- Хөрс ба тарилт.

- Таналт ба хэлбэржүүлэлт.

- Өвчин ба хортон.

- Усалгаа.

- Бордоо.

- Гэрэл, дулаан, чийгшил.

- Тоос хүртээлт.

- Ургац, хадаглалт.

- Манай орон түгээмэл таригдаж байгаа хүлэмжийн сортууд

.

Ач холбогдол

Лооль нь дараах эрдэс бодисуудыг өөртөө агуулдаг. Антоцианин, Лаконин /Ликопин/, Витамин С, В1, В2, В3, В6, В9, Е, А зэрэг аминдэмийг ихээр агуулсан байдаг. Улаан лооль нь хавдар, үрэвслийн эсрэг үйлчлэх бодис агуулдаг учраас нүдний харааг сайжруулах, таргалалт, сэргийлэхэд ч сайн нөлөөтэй гэж үздэг. Чихрийн шижин, цус багадалтай хүмүүс хоол хүнсэндээ хэрэглэхэд хамгийн тохиромжтойд тооцогддог.

Лооль нь зөвхөн бие организм төдийгүй сэтгэл санааг ч эмчилнэ. Учир нь улаан лооль идсэнээр “аз жаргал” даавар хэмээгч серотонин бий болоход нөлөөлж сэтгэл санааг өргөж, стрессийн эсрэг үйлчлэл үзүүлнэ. Мөн нэг ашигтай тал нь маш бага калоритай. 100 граммд 19-23 ккал байдаг.

.

Нэршлийн түүх, ангилал

Лоол нь Lycopersicon төрөлд багтдаг. Сүүлийн хагас зуун жилд лооль дэлхий даяар өргөн тархаж, хүнс эмчилгээний ач холбогдол ихтэй тарималд тооцогдож байна. Эрэлт хэрэгцээ өссөнтэй уялдаж энэ төрөлд хамаарагдах маш олон зүйл, хэлбэр дүрстэй сортуудыг селекцийн их ажлын дүнд бий болгожээ.

Өнөөг хүртэл боловсруулсан олон тооны ангиллаас тухайн зүйл, сорт шинж тэмдэг, онцлог шинж чанараар харьцангүй тогтвортой зөв ангиллыг 1964 онд Брежнев хийсэн гэж үздэг. Экологийн янз бүрийн бүс нутагт олон зүйл, дүрсийг тал бүрээс нь судалсны үр дүнд Lycopersicon төрлийг морфологи, биологи, физиологи шинж чанараар хоорондоо эрс ялгалгагдах 3 зүйлд ангилжээ.

1.Lycopersicon esculentum Mill.

2. Lycopersicon hyrsutum Himl.

3. Lycopersicon peruvianum Mill.

Тарималжиж буй лооль (ssp.subspontaneum) нь 5 дүрс

Интоор хэлбэрийн лооль (var.cerasiformae)

Лийр хэлбэрийн лооль (var.pyriformae)

Чавга хэлбэрийн лооль (var.pruniformae)

Зууван лооль (var.elongatum)

Олон хүүдийт лооль (var.succenturiatum)

Таримал лооль (ssp.Cultum)

Өндөр ишт /индетерминант/ лооль

Намхан ишт /детерминант/ лооль

Бут хэлбэрийн /штамб/ лооль

.

Гарал үүсэл

Оросын геоботаникчдийн тодорхойлсноор лооль нь Өмнөд Америкийн экваторын хэсгээс гаралтай ургамал юм. Тэр нутгийн уугуул хүн амын үндсэн хоол тэжээл болдог байжээ. Америк тивийг нээсэний дараахан Испани, Португали, Италид авчирчээ.

Манай оронд чухам хэдийгээс тариалах болсныг тодорхой хэлэх боломжгүй. Шаамар хавиар нутаглаж байсан Оросын цагаач тариаланчид дэр үеэс тариалж байсан тухай нутгийн хүмүүсийн аман яриа байдаг. 1940 оны үеэс таримал сорилтод лоолийг оруулсан албан ёсны баримт бий.

.

Биологи шинж чанар

Лооль нь маш хүчирхэг үндэсний системтэй. Салбар үндэснүүд нь хурдтай хөгждөг. Үндэс нь хөрсний гүнд 1.5-2.5 м хүртэл нэвтэрнэ. Чийг болон нэмэлт тэжээл өгснөөр лоолийн ишний аль ч хэсэгт үндэс үүсдэг иймээс лоолийг зөвхөн үрээр биш мөчир буюу хажуу нахиагаар үржүүлэх боломжтой.

Лоолийн иш нь сортын онцлогоос хамаарч 0.30-2 м болон түүнээс дээж өндөр ургадаг. Цэцэг нь жижигхэн шар өнгийн баг цэцэг үүсгэдэг. Өөрөө өөртөө тоос хүртдэг бөгөөд хос бэлэгтэн юм. Үр жимс нь янз бүрийн хэлбэртэй байдаг хавтгай бөөрөнхийгөөс, цилиндр хэлбэрийн. Үр жимсний жин 50-800 грамм хооронд хэлбэлзэнэ.

Үр жимсний өнгө олон янз цайвар ягаанаас тод улаан цагаанаас алтан шаргал хүртэл хэлбэлзэж өнгө хувирдаг. Лооль нь дулааныг ихээр шаарддаг бөгөөд өсөлт хөгжлийн хамгийн тохиромжтой температур нь 22-250C. 100C-аас дооших температурт үр жимс үүсдэггүй цэцэг нь унадаг.

Лооль нь агаарын харьцангуй чийг өндөр байх тусам өвчлөмтхий байдаг. Харин үр жимс томрох үед ус ихээр шаардана. Лооль нь урт өдрийн ургамал тул гэрэл дутагдахад ургамлын өсөлт хөгжилт зогсонги байдалд орж навч нь цайвар ногоон өнгөтэй болох бөгөөд үүссэн цэцэгүүд нь гөвөгдөн иш нь хэт сунадаг. Үрслэг бойжуулах үед нэмэлт гэрэл өгснөөр үрслэгийн чанар буюу ургамлын бүтээгдэхүүншилт нэмэгдэнэ.

.

Лоолийг тарих арга

Лооль нь маш амтлаг бөгөөд хүний бие организмд хэрэгцээтэй амин дэм нийлүүлэгч хүнсний ногооны нэг. Өнөө үед ил талбай, хүлэмж болон гэрийн нөхцөлд тариалах мянга гаруй сортуудыг сонгон тариалаж байна. Лоолийг тарьж ургуулах нь маш сонирхолтой бөгөөд тарьж ургуулах нь тийм ч хялбар биш. Тиймээс түүнийг тариалахад технологийн онцлог, арга, арчилгаануудыг мэдэх шаардлагатай.

.

Хөрс ба тарилт

Лоолийн үрслэг тарих хөрсийг урьд намраас эхлэн бэлтгэнэ. Үүнд хөрсөндөө био бордоо болон бууцыг сайтар хольж өгнө. Хөрсний рН-7.0 ба сул шүлтлэг байхад тохиромжтой. Азот, калийн бордоонд маш мэдрэмтгий тул нэмэлт бордоо хийж өгдөг. Үрслэгийг шилжүүлэн суулгахдаа тэвгэн навч хүртэл суулгаж өгөх нь ургамлын үндэс илүү сайн хөгжинө.

Лоолийн үрийг тарихдаа тусгай тэжээлийн холимгийг ашигладаг. Ялзарсан хар хүрэн бууц, хар хүрэн хөрс, том ширхэгтэй элс 1:1:1 харьцаатай хольж 1 м3 тутамд 0.8-1.2 кг эрдэс бордоо нэмж үндсэн холимогийг найруулж бэлтгэнэ. Бэлдсэн холимог хөрсийг тусгай зориулалтын хоовонд хийж дүүргэн лоолийн үрийг 1 см гүнд суулгаж бүлээн усаар сайтар усална.

.

Таналт ба хэлбэржүүлэлт

Лоолийн ургамлыг зөв хэлбэржүүлэх нь түүний ургуулах хамгийн гол нөхцөл юм. Лоолийн илүү салааг танахаас гадна эхний баг цэцэгт үүссэн үр жимс томорч эхлэх үеэс хамгийн доод навчнуудыг танахаас гадна шинээр үүссэн баг цэцэг тутамд нэг навчийг танаж өгнө. Хоёр баг цэцэгийн хооронд 3-4 навч байхад хангалтай фотосинтезийн процесс явагддаг. Ингэж хэлбэржүүлсэн лоолийн бут нь

- Гэрэл ба агаар нэвтрэх боломж бүрдэж мөөгөнцрийн өвчин тэсвэрлэх чадвар сайжирна.

- Арвин бөгөөд эрт ургац авах, ургамал зогсолтгүй ургах боломжийг бүрдүүлнэ.

Гэрэл сайтай манай орны нөхцөлд ургамлын навчийг хэтэрхий их танахыг зөвлөдөггүй нь ургамлын навч нь үр жимсийг наранд хэт халах буюу хальс наранд түлэгдэж өнгө алдахаас хамгаалдаг. Үүнээс гадна үр жимсийг хураасны дараа доод хэсгийн бүх навчийг танаж өгнө.

.

Өвчин ба хортон

Лоолийг тариалахад хамгийн хүнд асуудлын нэг түүний өвчинд нэрвэгдэх явдал юм. Ялангуяа хүлэмжинд их дэлгэрдэг. Зонхилон илэрдэг буюу аюултай өвчнүүдийн нэгт фитофтор, мөөгөнцөрийн өвчин, саарал толбожилт, үр жимсний оройн илжрэл зэрэг нь орно. Ихэнх лоолийн өвчнүүд нь дулаан ба гэрлийн дутагдал, агаарын харьцангуй чийгшил их байхаас шалтгаалж илэрдэг. Хүлэмжин дэх агаарын харьцангуй чийгшил ихтэй үед ургамалд дулаан дутагдахад өвчин үүсэх гол шалтгаан нь болдог. Иймээс лооль тарьж ургуулахад дараах урьдчилсан сэргийлэх аргуудыг авч хэрэглэнэ. Үүнд

1. Үрийн материалыг тухайн бүсэд нутагшуулсан, өвчинд тэсвэртэй сорт, эрлийзийн үрийг баталгаатай үр үйлдвэрлэгчээс сонгон авах.

2. Жил болгон таримлыг сэлгэж, хүлэмжний хөрсийг сольж, ариутгаж байх.

3. Өвчилсөн ургамлыг тэр дор нь устгалд оруулах.

4. Төмсний тариалангийн талбайн ойролцоо лооль тарихгүй байх.

5. Хог ургамлыг устгах арга хэмжээ авах.

6. Өглөө эрт ургамал чийгтэй үед хэлбэржүүлэлт, таналтыг хийхгүй байх

.

Усалгаа

Лоолийг услах хугацаанд хангалтай сайн услах хэрэгтэй. Хэтэрхий ойрхон бага багаар услахад өнгөн хэсгийн үндэс хөгжиж ургамлын ургах эрч сулардаг. Харин тогтсон хугацаандаа сайн усалж өгвөл үндэсний систем хөгжил зөв явагдаж арвин ургац нөхцөл бүрддэг. Хэт их усалсан тохиолдолд үр жимсний амтлаг чанар алдагдахаас гадна хальс хагарч мөөгөнцрийн өвчинд нэрвэгдэх нөхцөл бүрдэнэ. Усалгаа багадахад үр жимс хагарч, оройн илжрэл өвчин гардаг байна. Үр жимс, навч, ишинд ус хүргэж болдоггүй. Ийм учраас дуслын систем тохиромжтой.

.

Бордоо

Сайн чанартай урац авахын тулд лоолийн ургамалд микроэлементүүдийг өгөх шаардлагатай. Үрслэг бойжуулахаас эхлээд ургамлын цэцэглэлт хүртлэх хугацаанд эрдэс бордооны үүрэг чухал байр суурийг эзэлдэг байна. Иймд хамгийн түгээмэл аргад үрслэг бойжуулах хөрс буюу үрслэг шилжүүлэх үүрэнд эрдэс бордоог хөрсөнд холих нь хамгийн энгийн арга юм. Анхны үр жимс үүсэж эхлэх үеэс калийн бордоо өгөх нь түүнийг амтлаг болгох бөгөөд калийн бордоо их агуулсан эрдэс бордоогоор бордох нь чухал юм. Лоолийн цэцэглэлтээс үр жимс үүсэх хугацааны хамгийн тохиромжтой бордооны тун NPK 51010 гэж тооцогддог.

.

Гэрэл, дулаан, чийгшил

Лоолийн ургамлын өсөлт хөгжилтийн хамгийн тохиромжтой өдрийн дундаж температур 16-280С байдаг. Дундаж температураас буурахад ургамлын өсөлт зогсонги байдалд орно, ихэсвэл үр жимсэнд үр тогтохгүй цэцэг гөвөгдөх аюул учирна. Цэцэглэлтийн үед гэрэл маш чухал байдаг хэдий ч цэцэглэлт үр жимс боловсрох хугацаанд дулаан илүү чухал үүргийг гүйцэтгэдэг. Өсөн үржиж буй лоолийн эргэн тойронд хуурай, халуун агаарын солилцоо түүний ургалт болон өвчин тэсвэрлэх чадварыг сайжруулдаг гол нөхцөлийн нэг. Иймээс хүлэмжийг зайлшгүй агааржуулж шаардлага гардаг.

.

Тоос хүртээлт

Лооль нь өөрөө өөртөө тоос хүртдэг таримал бөгөөд тоос хүртэлтийг чанартай сайн хийснээс ургац хамаарна. Иймд цэцэглэлтийн үе шатанд 2-3 хоног тутамд ургамлуудын цэцгийг зөөлөн (гараар буюу доргиогчоор) сэгсэрч тоос хүртээнэ. Үүнээс гадна тоос хүртээгч шавьжнуудыг цуглуулах нь чухал байдаг. Иймд хүлэмжийн ойролцоо буюу ургамал дунд нэг наст шар өнгийн цэцгүүдийг тарьж шавьжнуудын анхаарлыг татах хялбар аргыг хэрэглэж болдог.

.

Ургац, хадаглалт

Үр жимсийг бүрэн болсон үед түүвэрлэн хураана. Удаан хадгалахын тулд дөнгөж үр жимс өнгө хувирах үед хурааж нарны шууд тусгалаас хол байлган дулаан газар хадгална.

.

Манай орон түгээмэл таригдаж байгаа хүлэмжийн сортууд

Том жимст лооль Карлсон, Вентура, Ефимая, Апельсин, Жёлтый гигант, Июльский, Перцевидный, Ravid, Naama, Де барао красный, Де барао желтый, Де барао розовый

Бэсрэг жимст лооль Вишневидный, Тен тен

  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01