Лабораторийн ЭШАжилчдын анхааралд:                                                                         zar med 3                                                                         zar ,edee 2                                                                          Буцах

Сармис тариалах технологи

Боловсруулсан: П.Насан-Ариун, Б.Одончимэг

Дархан-Уул аймаг, 2020 он

Агуулга

- Ач холбогдол.

- Талбай сонгох хөрс, боловсруулах, бордох.

- Өмнөгч.

- Тариалах сорт.

- Саримсны үрийг тариалтанд бэлтгэх.

- Тарих хугацаа.

- Тарих үрийн норм.

- Ургалтын үеийн арчилгаа.

- Бордоо.

- Ургац хураалт.

- Саримсны хадгалалт.

- Саримсны өвчин хортон түүнтэй тэмцэх

.

Ач холбогдол

САРИМС –ALLIUM SATIVUM L

Саримсыг Дундад Азиас гаралтай гэж үздэг. ОХУ-ын эрдэмтэн А.В Кузнецовын ангилалаар /Allium sativum/ зүйлийг 2 янз зүйлд хуваажээ. Ssp.sagitatum Kuzn.-толгойлдог саримс, ssp.vulgare Kuzn.- толгойлдоггүй ердийн саримс. Толгойлдог саримс буюу Америк саримсын онцлог шинж бол 6-7 ширхэг том хумс бүхий булцуутай.

.

Талбай сонгох хөрс, боловсруулах, бордох

Саримс нь элсэрхэг хөнгөн хөрсөнд сайн ургана. Саримс тарих талбай услах боломжтой, тэгш гадаргуутай шим тэжээлийн бодисоор баялаг байвал зохимжтой.

.

Өмнөгч

Саримсыг өргөн мөрт таримал ба гуатан ургамлын дараа тариалахад хог ургамал бага ургадаг. Нэг төрлийн өвчин ба хортон гардаг бөөрөнхий сонгино, батун сонгино тарьж байсан талбайд тарьж болохгүй. Саримс тарьсан талбайд 3-4 жил өөр ургамал тарьж сэлгэсний дараа түүнийг давтан тарьж болно.

Саримс тарих талбайг хагалахын өмнө га тутамд 30-40 тн ялзарсан бууц, 300-400 кг фосфор, 150-200 кг азотын бордоогоор тооцож бордоно. Саримс тарих талбайг 22-27 см гүн хагалж хагалгааны эсрэг чиглэлд борнойдож тарилтанд бэлтгэнэ. Шаардлагатай үед саримс тарих талбайд намар, хавар 400-450 м3/га нормоор цэнэг усалгаа хийнэ. Ялангуяа өвөл цас бага орсон гандуу хавар хөрсний өнгөн давхарга 20-30 см хүртэл гүнд хуурай байдаг тул цэнэг усалгаа заавал хийх шаардлагатай. Саримсыг хайрцаглаж тариахад ашигтай байдаг.

.

Тариалах сорт

Манай орны тариалангийн гол бүсүүдэд нутгийн улаан ба цагаан саримсны дээжүүдийг тариалдаг. Нутгийн улаан саримс биологи, морфологи, аж ахуйн шинж чанараараа өвөлжих саримсны бүх шинжийг агуулна. Харин одоогоор манайд хавар эрт тарьж намар эрт ургац хураадаг зусах саримсанд тооцогддог. Нутгийн цагаан саримсны дээжүүд зусах саримсны бүх онцлогийг үзүүлж чадна.

.

Саримсны үрийг тариалтанд бэлтгэх

Тариалтын өмнө саримсны хумсыг булцуунаас салгаж том ба дунд зэргийн хэмжээтэй өвчин хорлогчид гэмтээгүй хумсыг ялгаж авна. Тариалалтанд гадуур том ба дунд зэргийн хумсыг хэрэглэнэ. Цагаан саримсны голын жижиг хумсыг зөвхөн хэрэглээний ногоон саримс авахаар ургуулж болно. Саримсны голын жижиг хумсыг шигүү тариална. Саримсны хумсны хэмжээ ургацад зохих нөлөө үзүүлдэг. Саримсны хумсыг том жижгээр нь ялгаж тариалах хэрэгтэй. Том багаар нь ялгаж тариагүй тохиолдолд соёололт ба өсөлт хөгжил жигд явагдаж чаддаггүй энэ үед түүвэр хураалт хийх шаардлага гардаг ба хаягдал их гарахад хүргэнэ.

Саримсны үрийг тарилтын өмнө бүлээн усанд 5-6 цаг дэвтээнэ. Ингэж саримсыг усанд дэвтээн, халуун усанд булхуулж гаргахад нематод ба саримсны хачигтай тэмцэх арга хэмжээ болдог.

.

Тарих хугацаа

Манай орны тариалангийн бүсүүдэд саримсыг 4 дүгээр сарын 25-наас 5 дугаар сарын 5-ны хугацаанд тарих нт тохиромжтой. Саримсыг 4 дүгээр сарын 25-аас өмнө тарихад газар гэсэхгүй, хөрс их хүйтэн байдгаас соёололт буурдаг. Харин 5 дугаар сарын 5-аас хойш тариалахад саримсны болц удааширч хүзүү нь бүдүүрч стандартын бус бүтээгдэхүүн ихэсдэг.

.

Тарих үрийн норм

Цагаан саримсыг 1 га-д 500-620 мянган ширхэг хумс, улаан саримсыг 440-520 мянган ширхэг хумс буюу нэг га талбайд үрийн цагаан саримс 400-600 кг, улаан саримс 600-800 кг орно.

Саримсыг гараар ба техникээр тарина. Гараар суулгах үед эхлээд мөр гаргагчаар 6-8 см гүнзгий ховил татаад эгнээ хоорондоо 20-25 см, ургамал хоорондоо том хумсыг 8-10 см, дунд зэргийн хумсыг 6-7 см зайтай үндэсний тавыг доош харуулан эгнүүлэн дарж суулгаад дээрээс нь 1-2 см зузаан шороогоор хучиж булна. Харин өвөлжих саримсыг 4-10 см гүн тарьдаг. Саримсыг тарьсан өдрөө багтааж 350-400 м3/га нормоор усална. Тарьснаас хойш 2-3 хоноод услахад хуурай хөрсөнд булсан хумс хөлдөж ургах чадвараа алддаг болохыг анхаарах хэрэгтэй.

.

Ургалтын үеийн арчилгаа

Саримс тарих үед хамгийн гол анхаарах зүйл нь ургамлын соёололт жигдрэх хүртэл талбайд гарсан зэрлэг ургамлыг устгах ажил юм. Бага хэмжээний талбайд хайрцаглаж тарьсан саримсыг анхны усалгааны дараа 2-3 хоноод богино шүдтэй тармуураар хөрсний өнгөн хэсгийг жигд маажиж усалгаанаас хойш үүссэн ан цавыг арилгаж зэрлэг ургамлын цагаан утсан соёог хөндөж устгана.

Саримсны цухуйц жигдэрч навч эрчимтэй ургаж эхлэх үед хоёр дахь усалгааг хийнэ. Саримс тарьсан талбайн хөрсний чийгийн багтаамж булцуу суулт хүртэл 80-85% байхад тохиромжтой ургац хураалтыг дөхүүлээд 2-3 долоо хоногийн өмнө усалгааг зогсооно. Гурав дахь усалгааг булцуу үүсэлт эхэлсэн үед, 4 дахь усалгааг булцуу суулт жигдэрч, хумс үүсэлт эхэлсэн үед хийж болох боловч тухайн жилийн хур тунадас чийгийн хангамжийг харгалзах нь зүйтэй. Гандуу жил элсэрхэг хөрстэй нутагт саримсыг ургалтын хугацаанд дээр хэлснээс хоёроос илүү буюу бүгд 5-6 удаа услах шаардлагатай болдог. Саримсыг тарьсан ямарч талбайд усалгаа бүрийн дараа гараар ба техникээр хөрсийг тогтмол сийрүүлж зэрлэггүй байлгах нь чухал, Сийрүүлэлт хийх үедээ саримсны иш рүү шороог овоолж манаж болохгүй. Сийрүүлэлтийн үед саримсны ишийг зузаалж манаснаас болоод булцуу суулт удаашрах ба дутуу болдог. Шаардлагатай үед саримсны ишний ойролцоох шороог суллаж өгнө.

.

Бордоо

Хөрсний шим тэжээлийн бодисын хангамжаас шалтгаалж саримсыг ургалтын хугацаанд 2-3 удаа нэмж бордоно. Анхны нэмэлт бордоог саримсны цухуйц эхэлснээс хойш 10-15 хоногийн дараа үүнээс хойш 15-20 хоноод 2 дахь нэмэлт бордоог өгнө. Анхны нэмэлт бордооны N100P300K50 кг-ыг 2 дахь нэмэлт бордоонд N50P150K50 кг-ыг тус тус хэрэглэнэ. Нэмэлт бордоог гараар ба культиватороор өгнө. Нэмэлт бордоог зэрлэг ургамлыг устгаж хөрсийг сийрүүлсний дараа усалгааны өмнө өгөхөд ашигтай. Ялзарсан хөх бууцыг 8-10 т/га нормоор саримсны цухуйлт жигдэрсэн үед цацаж өгхөд хөрсний өрөм үүсэхгүй чийгийн хангамжийг сайжруулж чадна. Саримсны усалгааг хураалт хийхээс 45 хоногийн өмнө бүрэн зогсооно.

.

Ургац хураалт

Ургацыг хур бороогүй өдөр ургамлын доод талын навч шарлан унаж, ургамлын дээд талын навч үзүүрээсээ шарлаж хуурамч иш булцууны хүзүү орчмоор нарийссан үед хураана. Манай орны нөхцөлд улаан саримсны болц 8 дугаар сарын 10-20 нд цагаан саримсны болц 9 дүгээр сарын эхний хагаст гүйцэнэ. Улаан саримсны ургацыг 8 дугаар сарын 20-30 нд, цагаан саримсыг 9 дүгээр сарын 5-15 нд багтаан хураана. 1 га талбайгаас 40-60 цн/га ургац хураан авна. Саримсыг голдуу гараар ухах боловч төмс ухагч ба гүн сийрүүлэгчийг хэрэглэн хүрзээр гишгэх хүнд ажлыг хөнгөвчилж болдог байна.

Саримсыг хураах үеийн хамгийн хариуцлагатай ажил нь хатаалт юм.

Саримсыг хураасны дараа хатаасан арга, хугацаанаас түүний биологийн бололт улмаар хүйтний улиралд хадгалалт даах чанар ихээхэн шалтгаална.

Саримсны булцууг навч ишээр нь 50-100 ширхгээр сүлжиж улаан саримсыг бороо хуранд норохгүй сүүдэр газар хөндлөн тавиур ба шургааган дээр тохож, цагаан саримсыг 20-250 С дулаан агааржуулалт сайтай саравч ба тусгайлж бэлтгэсэн байранд хэцэн дээр сүлжсэн саримсыг тохох буюу иш навчтай нь дан үеэр дэлгэж хатаана.

Өөрөөр хэлбэл саримсыг сүлжиж хатаах үедээ булцуунд наалдсан сул шороог цэвэрлэж үндэсний хэсгийг угаар нь хайчилж хаях хэрэгтэй.

.

Саримсны хадгалалт

Саримсны булцууг бүтнээр нь хадгална. Саримсны хумсыг салгаж хадгалахад амархан хатаж соёололтоо алдахаас гадна хүнсний чанараа алдана. Хадгалах саримсыг хураалтаас хойш сайн хатаах нь маш чухал. Саримсыг хатаахад хачиг ба мөөгөнцөрүүд үхдэг. Саримсны булцууны гадуур хальсныг 14-16%-ийн чийгтэй болтол хатаана.

- 20...+250С температурт 10-12 хоног байлгана, 2-3 хоног +350 С температурт хадгалж, эмчилгээний үеийг өнгөрөөнө.

- Дулаан агуулахад (16...+20)0C температурт, (50-70)%-ийн агаарын харьцангуй чийгшилтэй

- Тусгай хөргүүртэй агуулахад (-1...+3)0 С хүйтэнтэй, (80-90)%-ийн агаарын харьцангуй чийгшилтэй

- Өөр сортын үртэй холихгүйгээр, шалны гадаргуугаас дээш 20-30 см–ийн өндөр тавиур дээр хортон мэрэгчээс хамгаалж хадгална.

- Үрийн саримсийг тээвэрлэх тээврийн хэрэгсэл нь агаарын харьцангүй чийгшил 75 хувиас дээшгүй, (3...+10)0C температуртай нөхцөлд тээвэрлэнэ.

Саримсыг шүлжиж хадгалахад хамгийн сайн байдаг. Иймээс үрийн саримсыг сайн хатаасны дараа иш ба үндэсний хэсгийг цэвэрлээд 5-8 кг хэмжээний сараалжин тавиур дээр 12-16 см зузаан өрж хадгална. Хэрэглээний саримсыг 15-20 кг хэмжээний сараалжин хайрцагт ба сараалжин тавиур дээр 20-25 см зузаан өрж хадгална.

.

Саримсны өвчин хортон түүнтэй тэмцэх

Хамгийн гол нь урьдчилан сэргийлэх арга хэмжээг жил болгон авч ээлжлэн тариалах системийг нарийн баримталж саримс тарьсан талбайд 3-4 жилийн дараа давтан тарих зохион байгуулалт хийнэ. Ургац хураалтын дараа ургамлын үлдэгдлийг цуглуулж шатаана. Зоорийг сайн ариутгаж, үрийн материалыг нэг бүрчлэн үзэж эрүүл булцууг үрэнд сонгож аваад сайн хатаах хэрэгтэй.

Саримсны ишний нематод

Сонгино саримсыг гэмтээнэ. Тархалт ихтэй, Нематод нь 1-1,5 мм урт утсан өт юм. Гэмтсэн ургамлын өсөлт зогсож навч нь шарлаж гандан, саримсны булцуу хэлбэрээ алдаж суурь орчмын хумсууд шарладаг. Хуртай жил чийг ихтэй хүнд хөрсөнд нематод идэвхтэй үржинэ. Нематод хөрсөнд ба саримсны булцуунд өвөлжинө. Немотадоор өвчилсөн саримсыг үрийн материалд ашиглаж болохгүй. Онцгой тохиолдолд саримсны хумсыг янз бүрийн аргаар ариутгаж тарина. Хамгийн хялбар нь хүйтэн усанд 3-4 өдрийн турш байлгаж усыг тогтмол солих арга юм.

Үндэсний хачиг

Сонгины хачиг саримсыг ургалтын хугацаанд ба хадгалалтын үед гэмтээж хөнөөнө. Үндэсний хачиг богино гонзгой хэлбэртэй, цайвар өнгөтэй 1 мм орчим урт биетэй. Хачиг зоорины дулаан 130 С харьцангуй чийг 70 %-иас дээш байх тохиолдолд өөрөөр дулаан чийгтэй нөхцөлд амархан үржинэ. Харьцангуй чийг 60% болоход хачиг үржлээ зогсооно. Хачиг саримсны улнаас эхлэн дамжиж улмаар хумсыг гэмтээдэг. Хачиг саримсны хумсны хальсны завсраар байрлаж байгаад гэмтээж ялзруулдаг.

Тэмцэх арга нематодтой тэмцэхтэй адил хийгдэнэ. Энгийн бөгөөд хамгийн найдвартай арга нь намар сайн хатаах явдал юм.

Сонгины ялаа

Сонгино ба саримсыг хөнөөдөг энэ хорлогч маш өргөн тархсан байдаг. Сонгины ялаа 6-7 мм урт биетэй цагаан цайвар өнгөтэй хар хөлтэй сонгины ялаа 5 дугаар сарын дундуур нисч эхэлнэ. Төрөл бүрийн ургамлын цэцгийн никтараар хооллож 5-10 хоног нисээд өндөглөнө. Саримсны булцууг ургалтын эхэн үед гэмтээдэг. 6, 7-р сарын эхэн үед хортноос хамгаалж Борей 0.2 л/га тунгаар 200-300 л ажлын уусмал найруулан шүршиж өгнө.

  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01