Лабораторийн ЭШАжилчдын анхааралд:                                                                         zar med 3                                                                         zar ,edee 2                                                                          Буцах

Шар лууван тариалах технологи

Боловсруулсан: Ж.Байгалмаа /доктор Ph/, Ц.Нарандэлгэр /доктор Ph/

Дархан-Уул аймаг, 2020 он

Агуулга

- Ач холбогдол.

- Биологийн онцлог.

- Сэлгээ.

- Хөрсийг элдэншүүлэх ба бордох.

- Тарилт.

- Арчилгаа.

- Хураалт.

- Хадгалах.

- Тарих сортууд.

- Өвчин, тэмцэх арга.

- Хортон, тэмцэх арга

.

Ач холбогдол

Шар лууван нь тэжээллэг чанар өндөртэй үндэс үрт ногоо. Шар лууванд олон төрлийн амин дэмүүдээс гадна кальци, төмөр, фосфор зэрэг хялбар шингээгч эрдэс давсны баялаг эх сурвалж бий гэж үздэг. Түүнд их хэмжээгээр агуулагдах каротин нь хүний биеийн бодисын солилцоог тэнцвэржүүлэхээс гадна бие бялдар болон оюуны чадамжийг сайжруулдаг.

.

Биологийн онцлог

Шар луувангийн (Daucus Carota L) нь 2 настай шүхэр цэцэгт овгийн ургамал. Эхний жил хүнсний үндэс үр, 2 дахь жилдээ үр өгнө. Түүний үр 4-50С-т ургаж эхэлнэ. Өсөлт хөгжилт нь 18-250С-т хэвийн явагдана, соёололтын үедээ -20-аас -30С, жинхэнэ навч гарсан үед -30-аас -40С-ийн хүйтрэлтийг тэсвэрлэх чадвартай.

Чийг их шаардах ба ялангуяа үр соёолохоос үндэс үр үүсч эхлэх хүртэлээ ус илүү хэрэглэнэ. Харин үндэс үр томрох үед хөрсний чийгийг ихээхэн нэмэгдүүлбэл хадгалалтын явцад шар лууван нь цагаан ба саарал илжрэл өвчнөөр өвчилдөг болохыг анхаарах хэрэгтэй. Ган, халуунд тэсвэртэй. Гэрэлд дуртай. Шигүү тарих, гэрэл дутагдасанаас ургац нь эрс буурдаг.

.

Сэлгээ

Төмс, байцаа, шар манжин, хэмх, лооль, сонгины тарьсан талбайд тариалах нь тохиромжтой.

Зураг 1. Хүнсний ногооны таримлын сэлгээ

.

Хөрсийг элдэншүүлэх ба бордох

Сайн элдэншүүлсэн, саармаг урвалжтай хөрсөнд арвин ургац өгнө. Намар цэнэг усалгааг хийх, мөн цэвдэгш болон хаврын хагалгааг хийж, тарих талбайг сайтар элдэншүүлнэ. Намрын хагалгааг 9-р сарын сүүлийн 10 хоногт хөмрүүлэгчтэй анжисаар 28-30 см гүнд хийж дараа нь борнойдно. Хаврын хагалгаа тарилтаас 1-2 хоногийн өмнө дээрх аргаар 18-20 см гүнд хийнэ.

Хаврын хагалгааны өмнө үндсэн бордоо болгон 1 га талбайд шүвтрийн шүү 150 кг, сайтар ялзарсан бууц 40 т, суперфосфат 120 кг, калийн давс 150 кг орохоор тооцож бордоно.

.

Тарилт

Шар луувангийн үрийг эртийн ургац авах зорилгоор 4 сарын 2 дугаар 10 хоногоос 5 сарын эхний 10 хоногт багтаан эрт болон дундын болцтой сортуудыг тарихад тохиромжтой. Харин оройн болцтой сортуудыг 5 сарын эхээс сүүлч хүртэл хугацаанд 2-3 см гүнд тарина. Тарилтад 80%-иас дээш соёололтой, сортын 1-р ангийн үрийг хэрэглэнэ. 1 га-д 2.5-3 кг үр орно. Өрхийн тариаланд 1м2 талбайд 23-30 г үрээр тооцож тариална.

Үрийг тарихын өмнө 0,3%-ийн марганцийн уусмалаар ариутгахаас гадна жигд соёолуулахын тулд үрийг давуун уутанд хийж 45-500С орчим халуун бүлээн усанд дүрэн усыг хүйтэн болтол байлгана. Үүний дараа хүйтэн цэвэр усаар зайлж, сэврээгээд тарина. Үүнээс гадна шар лууванг намар газар хөлдөхөөс өмнө 10 сарын дундаас 11 сарын эхэн үед тарьж эрт ургац авах боломжтой. Ийм тохиолдолд аль болох ээвэр, хавар эрт цас хайлах газрыг сонгох шаардлагатай байдаг.

.

Арчилгаа

Үрийг тарьсны дараа га тутамд 350-4003 метр ус орохоор тооцож, услах ба ургамал ургах хугацаанд 4-6 удаа услана. Усалгааг ихэвчлэн оройн цагаар хийвэл илүү тохиромжтой.

Хөрс өрөмтөх, хог ургамлын байдлыг харгалзан 4-5 удаа хөрсийг сийрүүлж хог ургамлыг устгана. Ургалтын хугацаанд 2 удаа нэмэлт бороо хэрэглэнэ. Анхны нэмэлт бордоог хог ургамал устгах зорилгоор гербицид (Гезагард 2.5-3 кг/га) шүршсэний дараа шүвтрийн шүү 250-300 кг/га, 2 дахийг үндэс үр үүсэх үеэр суперфосфат 500-600 кг/га, калийн давс 200-250 кг/га тус тус орохоор бордоно./

Шар луувангийн үндэс үрийг зөв хэлбэртэй ургуулахын тулд бордооны тун, усалгааны горимыг алдагдуулахгүй байх нь хамгийн чухал.

Шар лууванг хүнд, хүчиллэг урвалжтай хөрсөнд тарьсан үед чийгийг хэт ихдүүлснээс хадгалалтын үедээ цагаан ба саарал илжрэл өвчнөөр өвчилдөг тул хураалт хийхээс 20-30 хоногийн өмнө усалгааг бүрэн зогсооно.

Зураг 2. Ургуулах агротехнологийн алдаанаас үүсэлтэй үндэс үрийн ургасан байдал

.

Хураалт

Шар луувангийн хураалтыг 8 сарын сүүлийн 10 хоногоос, түүвэрлэн хурааж шууд борлуулах боломжтой. Харин хадгалалтанд оруулахдаа 9 сарын 2 дугаар арав хоног болон 10 сарын эхээр хурааж шуудайлан шууд зооринд оруулна. Хураалтын зориулалтын техникээр болон гараар хийхдээ стандартын шаардлага хангасан лууванг ялгаж савлан тээвэрлэхэд бэлдэнэ. Болц гүйцээгүй шар лууванг хураахад амтгүй байдаг, болц гүйцсэн лууванг хэт оройтуулан хураавал хадгалалт муу даадаг.

Зураг 3. Шар лууванг талбайд ялгасан байдал.

.

Хадгалах

Шар лууванг энгийн галалгаатай зооринд 9-р сарын сүүлчээс дараа оны 5-р сарын 1-р арав хоног дуустал зооринд хадгална. Зооринд 00С +30С-хэмийн дулаан, 80-85 %-ийн агаарын харьцангуй чийгтэй нөхцөлийг бүрдүүлнэ.

Хадгалахдаа хайрцаглах, шуудайлах, чингэлэгт хийх зэрэг аргуудыг хэрэглэнэ. Хайрцагт хийж хадгалахдаа шар шаварт булхуулах, элс, үртэс, бөөрөнхий сонгины хуурай хальстай холих байдлаар, шуудайнд 5-7 давхарлаж амыг нь бага зэрэг онгорхой байхаар хадгална.

Хадгалах хугацаа:

- Шар шавар, элс, үртэс, бөөрөнхий сонгины хальс, шуудайнд 1 жил;

- Нийлэг хальсан уутанд 5 сар;

- Гэрийн нөхцөлд хөргөгчинд 1 сар.

.

Тарих сортууд

Шантенэ 2461 – манай оронд 1969 онд нутагшсан, дунд эртийн болцтой (90-115 хоног), шантенэ хэв шинжийн сорт. Үндэс үр нь конус хэлбэрийн, шовх үзүүртэй, 80-250 г хүртэл жинтэй, 12-15 см хүртэл урттай, улбар шар өнгөтэй. Махлаг эдийн өнгө улбар шар, гол цайвар шар өнгийн. Гол нь үндэс үрийг 50%-ийг эзэлдэг. Нягт шүүслэг, үнэр амт сайтай.

Үндэс үр нь хөрсөнд бүрэн суудаг, хөсрнөөс амархан сугардаг, тээвэрлэлт даах чадвар сайн. Шинэ хэрэглээ, дахин боловсруулахад тохиромжтой

Нантская 4 – манай оронд 1969 онд нутагшсан, дундын болцтой (83-124 хоног), нант хэв шинжийн сорт. Үндэс үр нь цилиндр (ганж) хэлбэртэй, үзүүр нь мохой, 16-21 см хүртэл урттай, 4.4 см голчтой, 60-160 г дундаж жинтэй. Хүйтэн болон өвчин хортонд тэсвэртэй. 300-480 ц/га дундаж ургацтай, таваарлаг чанар 78%, каротины агуулалт 19.4мг% хүртэл, маш шүүслэг, амт чанар сайтай.

Шинэ хэрэглээ, хүүхдийн тэжээл хийх, шүүс гаргах зэрэгт тохиромжтой сорт. Махлаг эдийн өнгө тод улбар шар, гол багатай. Хураалтыг механикжуулах боломжтой.

И 14755 эртийн болцтой (80-95 хоног), 2009 онд ирээдүйтэй сортоор батлагдсан. Шантенэ хэв шинжийн сорт. Үндэс үр нь 13-15 см-ийн урттай, 5-6 см голчтой, уртассан конус хэлбэрийн, шовх үзүүртэй. Үндэс үрийн хальс болон махлаг эдийн өнгө тод шар, нягт, шүүслэг.

Га талбайгаас 300-320 ц ургац өгнө. Хүйтэн болон өвчин хортонд тэсвэртэй, хадгалалтанд дунд зэрэг, тээвэрлэлт сайн даана. Сахарын агуулалт өндөртэй. Дангаар нь зууш, нухаш хийхээс гадна хоол, зуушинд чимэглэх маягаар хэрэглэхэд тохиромжтой.

Шантенэ Роял – дундын болцтой (100-115 хоног), 2016 онд нутагшсан, шантенэ хэв шинжийн сорт. Үндэс үр нь конус, үзүүр нь мохой, 12-15 см урттай, 5-6 см голчтой, 80-250 г хүртэл жинтэй, тод улбар шар өнгийн махлаг эд, хальстай сорт.

Тогтвортой өндөр ургацтай (350-600 ц/га), таваарлаг чанар өндөр 75-90%. Үндэс үр нь хөрсөнд бүрэн суудаг. үндэс үр нь хагардаггүй.Хадгалалтын явцад өвчинд харьцангуй тэсвэртэй, тээвэрлэлт сайн даана. Каротины агуулалт 15 мг% хүртэл. Шинэ хэрэглээ, дахин боловсруулахад тохиромжтой, шүүслэг, чихэрлэг, амт сайтай. Техникээр хураах боломжтой.

Cordobova F1 – эртийн болцтой (90-100 хоног), 2014 онд ирээдүйтэй эрлийз сортоор батлагдсан, шантенэ хэв шинжийн сорт. Голланд улсын Бейо Заден компанид үрийг үйлдвэрлэдэг. Үндэс үр нь конус хэлбэрийн 14-25 см хүртэл урттай, 4-5 см голчтой, 120-250 г хүртэл жинтэй. Үндэс үрийн гол (ксилем) багатай, өнгө нь улбар шар. Махлаг эд нягт, шүүслэг, улбар шар өнгөтэй. Тогтвортой өндөр ургацтай (460-740 ц/га), таваарлаг чанар өндөртэй 86-92%.

Naval F1 – дунд эртийн болцтой (115-120 хоног), 2014 онд ирээдүйтэй эрлийз сортоор батлагдсан, нант хэв шинжийн сорт. Голланд улсын Бейо Заден компанид үрийг үйлдвэрлэдэг. Үндэс үр нь ганж (цилиндр) хэлбэрийн 20-35 см хүртэл урттай, 4-5 см голчтой, 95-230 г хүртэл жинтэй, жигд хэмжээтэй. Үндэс үрийн гол (ксилем) багатай, өнгө нь улбар шар. Махлаг эд нягт, шүүслэг, улбар шар өнгөтэй. Тогтвортой өндөр ургацтай (258-316 ц/га), таваарлаг чанар өндөртэй 75-96%. Шинэхэн хэрэглээ болон дахин боловсруулахад тохиромжтой, сахарын агууламж өндөр, маш шүүслэг тул шүүс гаргах зориулалттай.

.

Өвчин, тэмцэх арга

Цагаан илжрэл – хөвсгөр цагаан өнгийн хөгц, мөөгөнцрөөр хучигдсан байна. Ихэвчлэн хадгалалтын явцад илрэх бөгөөд ургалтын бүх үе шатанд өвчилнө. Нэг талбайд давтан тариалалт хийхэд хөрс, хог ургамлын үлдэгдэлээс дамжин өвчилдөг.

Тэмцэх арга: ээлжлэн тариалалтын системийг мөрдлөгө болгох, тохиромжтой хугацаанд тариалах, хог ургамлын үлдэгдлийг талбайгаас гаргах, усалгааны горим барих, хураалтын хугацаанд нь хийх.

Фомоз (хуурай илжрэл) – хадгалалтын үед

илэрнэ. Навчны бариул, навчны судлууд дээр бар саарал өнгийн үүснэ. Үндэс үрийн гадаргуу дээр бага зэрэг хонхорхой саарал өнгийн толбо бий болж улмаар томорч хуурай болж өмхөрдөг. 2-3 жилийн хугацаанд ургамлын үлдэгдэлд халгалагдана.

Тэмцэх арга: үрийг Тирам (ТМДТ)-ээр 400 г/л нормоор ариутгах, ээлжлэн тариалалтын системийг мөрдлөгө болгох, тарилт хураалтыг тогтсон хугацаанд нь хийх, хадгалалтын горимыг зөв мөрдөх (температур 1-20С хэм, агаарын харьцангүй чийг 80-85% ).Ургалтын хугацаанд талбайн ажиглалт хийж өвчилсөн ургамлыг талбайгаас зайлуулах.

.

Хортон, тэмцэх арга

Луувангийн ялаа – 5 сарын эхэн үед хөрсөнд өвөлжсөн хүүхэлдэйнээс гарч ирдэг, авгалдайнууд нь үндэс үрийг гэмтээдэг. Навчны өнгө хүрэнтэж эхэлнэ, дараа нь сульдаж мөхдөг. Жилд 2-3 удаа үржинэ.

Урьдчилан сэргийлэх арга:

- шар лууванг сонгины талбайтай ойролцоо тарих;

- органик бордоо хэрэглэх;

- ээлжлэн тариалах систем мөрдөх.

Тэмцэх арга:

- бага хэмжээний талбайд бол акрил хучлагаар хучих;

- тарих хугацааг зөв сонгох (5 сарын сүүлчээс 6 сарын эхэн үе);

- мөр хоорондын зайг үртэсээр хучих.

Утсан өт – маш олон төрлийн үндэслэг ногоог гэмтээдэг. Хуурай хөрсөнд авгадайнууд үхнэ, харин чийглэг хөрсөнд үржинэ. Зуны дунд үед 8-15 см гүнд хүүхэлдэй хэлбэрт шилжин өвөлждөг.

Тэмцэх арга:

- аммиак агуулсан бордоонд (хүхэрт шүвтэр, шүвтрийн шүү, хлорт шүвтэр) тэсвэр муутай тул аммиактай усаар услах, сангасаар бордох;

- хөрсийг шохойжуулах, шүлтлэгээс хүчиллэг болгох;

- тарих үрийг ариутгах;

- хөрсийг сийрүүлэх, хог ургамлыг устгах.

  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01