Лабораторийн ЭШАжилчдын анхааралд:                                                                         zar med 3                                                                         zar ,edee 2                                                                          Буцах

Төмс тариалах технологи (механикжсан аргаар)

Боловсруулсан: Х.Нямгэрэл УГТХ-ийн Төмс судлалын секторын эрхлэгч

Дархан-Уул аймаг, 2020 он

Агуулга

- Сорт сонголт.

- Ээлжлэн тариалалт.

- Хөрс боловсруулалт.

- Тарилтын өмнөх хөрс боловсруулалт.

- Үрийг тарилтад бэлтгэх.

- Тарилт.

- Арчилгаа.

- Бордох.

- Хураалт

.

Төмс нь манай орны хувьд улаан буудайн дараа орох хүнсний чухал таримлын нэг юм. Төмсний ургац нь сорт, агротехнологи, хөрс цаг уурын нөхцөл зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалах бөгөөд тэдгээрийг цаг хугацаанд нь оновчтой зохион байгуулж чадвал арвин ургац авах эх үндэс болно.

.

Сорт сонголт

Дэлхийн улс орнуудад хүлээн зөвшөөрснөөр таримлын ургацын өсөлтөд нөлөө үзүүлдэг хүчин зүйлүүдээс хамгийн бага зардалтай үр өгөөж ихтэй нь шинэ сорт бүтээх селекцийн ажил юм. Өөрөөр хэлбэл ямар нэгэн нэмэлт зардал гаргахгүйгээр бүс нутагт дасан зохицсон, нутагшсан сортыг тариалснаар ургацыг 20-30 хувиар нэмэгдүүлэх боломжтой. Тухайн бүс нутгийн хөрс, цаг уурын онцлог, ургалтын хугацаа, бизнесийн зорилгоос хамаарч тариалах сортыг маш зөв сонгох учиртай. Одоогоор манай төмсний тариаланд 10 орчим сорт таригдаж байгаагаас нийт тариалангийн 80 гаруй хувьд Герман улсаас гаралтай дундын болцтой Гала сорт таригдаж байна. Уг сорт нь ургацын чадавхи өндөртэй, нэг бутнаас олон булцуу өгдөг, шар махлаг эдтэй, хадгалалт сайн даадаг зэрэг олон давуу талаараа хэрэглэгчдийн дунд хэдийнээ танил болжээ.

Түүнээс гадна ургалтын хугацаа богинотой бүс нутгууд, мөн эрт ургац үйлдвэрлэх зорилгоор Солист, Куарта, Анушка зэрэг сортуудыг өргөн тариалж байна. Эдгээр сортуудын зарим онцлогыг дурьдвал:

Солист: нэн эртийн болцтой бүрэн соёололтоос хойш 60-65 хоногт бүрэн боловсордог, цайвар шар махлаг эдтэй, ургацын чадавхи өндөртэй. Эрт ургац төмс үйлдвэрлэх зорилгоор хамгийн түгээмэл ашиглагдаж байна.

Анушка: сорт 2015 онд ирээдүйтэй сортоор батлагдсан, эртийн болцтой ойролцоогоор 80-85 хоногт боловсордог, булцуу бөөрөнхий, шар махлаг эдтэй, нүд гүехэн булцуун дээр жигд байрласан. УГТХүрээлэнд явуулсан судалгаагаар усалгаагүй нөхцөлд 18-20 т/га, усалгаатай нөхцөлд 30-35 т/га ургацыг бүрдүүлж байна.

Куарта: 2013 онд нутагшсан сортоор батлагдсан, эртийн болцтой, олон тооны жигд булцуутай, улаан нүдтэй учраас манай тариаланчдын дунд “Ягаан нүдэн” нэрээр танигджээ.

Дээр дурьдсан эртийн сортуудын үр хангалтгүй учраас төмс тариалагчид Гала болон бусад сортыг ашиглан төмсний үрийг нарлуулах, соёолуулах зэрэг эртжүүлэх арга хэмжээг авснаар 7-р сарын 25-наас хойш эртийн төмс үйлдвэрлэж байна.

Манай төмсний тариалангийн 60-70 орчим хувийг усалгаагүй тариалан эзэлж байгаа учраас ган халуунд тэсвэртэй, 8-р сарын 2-р хагаст орсон тунадасыг сайн ашигладаг сортыг сонгож тариалбал арвин ургац хураан авах боломжтой нь судалгааны дүнгээр батлагдсан. УГТХүрээлэнд усалгаагүй нөхцөлд явуулсан сүүлийн 3 жилийн судалгааны дүнгээр Гала сорт 12-15 т/га ургацыг бүрдүүлж байхад Эсприт сорт 18-22 т/га ургацыг бүрдүүлж Гала сортоос усалгаагүй нөхцөлд 30-45 хувиар илүү ургацыг бүрдүүлж, илүү ганд тэсвэртэй сортоор шалгарсан байна.

Эсприт: Дундын болцтой, зууван хэлбэрийн том шар булцуутай, махлаг эдийн өнгө тод шар, амт чанар сайтай хүнсний шинэ хэрэглээний сорт юм. Энэхүү сортын гол онцлог нь ган халуунд тэсвэртэй, ургацын чадавхи маш өндөртэй, таваарын булцууны гарц ихтэй юм.

Хэрэглэгчдийн хүсэл сонирхол, орчин үеийн хэрэглээний хэв маягаас хамаарч төмсийг зөвхөн хүнсний зориулалтаар хэрэглэхээс гадна дахин боловсруулалт, цардуулын үйлдвэрлэлд зориулагдсан сортууд шаардлагатай болж байна. КФС, Макдоналдс, болон бусад түргэн хоолны сүлжээ ресторануудад шарж, хөлдөөсөн төмсийг өргөн хэрэглэж байна. Энэхүү зорилгын үүднээс савханцар төмсний Шеподи сортыг шалгаруулан 2016 онд нутагшсан сортоор батлуулж, 2017 оноос УГТХүрээлэн болон Элит Үр ХХК-д анхан шатны элит үрийг үржүүлж байна.

Шеподи: сорт нь дундын болцтой, цагаан махлаг эдтэй, хуурай бодисын агуулалт, ургац өндөртэй, савханцарын төмсний түүхий эдийн стандартын шаардлагыг хангасан Хойд Америкаас гаралтай шилдэг сорт юм.

Нэгэнт манай төмс тариалагч иргэд, фермерүүд сортоо зөв сонгосны дараа арвин ургац бүрдүүлэхийн тулд ургуулах арга, ажиллагаанд онцгой анхаарч дараах технологийн ажлуудыг цаг хугацаанд нь чанар сайтай хийж гүйцэтгэх хэрэгтэй.

.

Ээлжлэн тариалалт

Таваарын төмс үйлдвэрлэгчид нь усалгаагүй талбайд 3-5 талбайт, усалгаатай талбайд 2-3 талбайт сэлгээг мөрдөж байна. Талбайг үр дүнтэй ашиглахад таримлыг сэлгээний орон зайд зөв байршуулах явдал чухал юм. Манай орны усалгаагүй нөхцөлд ногоон бордуурт уринш бүх төрлийн тарималд хамгийн ирээдүйтэй урьдавч бөгөөд 1 га-д 15-20 тн бууцан бордоо хийсэнтэй тэнцэх шим тэжээлийн бодис хуримтлуулдаг болохыг Доктор Д.Балжинням 1989 онд тэмдэглэжээ. Усалгаагүй нөхцөлд төмс тариалдаг бүс нутгуудад төмсний 3-5 талбайт дараах ЭТС-ийг зөвлөж байна.

Төмс -Буудай- Уринш

Төмс-Буудай- Ногоон бордуурт-

Төмс - Буудай- Буудай- Уринш

Төмс - Буудай-Рапс- Уринш

Төмс - Буудай- Эзэмшилт уринш-Буудай -Уринш

Төмс –Буудай- Уринш- Буудай- Ногоон бордуурт

Усалгаатай талбайд төмсийг богино сэлгээнд тариалж байгаа нь агро-экологийн маш эмзэг нөхөн сэргэлт муутай орчныг үүсгэж хөрсний бүтэц тогтоц алдагдаж, элэгдэл эвдрэлд орж үржил шим түүний бүтээгдэхүүнт чадвар огцом буурч байна. Төмсний сэлгээг өөрчлөх, уртасгах таримлын төрлийг олон болгох нь хөрсний физик, хими, биологийн шинж чанарыг сайжруулах, шим тэжээлийн бодисын эргэлтийг дэмжин хөрсийг эрүүлжүүлэх ач холбогдолтой юм. Усалгаатай талбайд төмсний 3-4 талбайт дараах ЭТС-ийг зөвлөж байна.

Төмс – Буудай - Буудай

Төмс – Буудай - Рапс

Төмс – Буудай - Буурцагтан

Төмс – Буудай - Ногоон бордуурт

Төмс – Буудай - Ногоон бордуурт – Буудай

Газар тариалангийн төв бүсэд төмсний урьдавчийг судалсан дүнгээр ногоон тэжээлд тариалсан хошоон өвсний дараах төмс 417.6 ц/га, вандуйгаар ногоон бордуурт уринш бэлдсэн талбайд тариалсан төмс 445.6 ц/га ургац өгч шалгарчээ (Р.Балжинням, 1992).

УГТХүрээлэнд 2014 оноос хойш явуулсан судалгааны дүнгээр ногоон бордуурт уриншийн дараах төмс дунджаар 383.3 ц/га ургац өгч буудай, рапс, сонгино урьдавчаас 102.8-126.5 ц/га илүү ургацтай байж шалгарлаа (Ц.Баярмагнай, 2017). Манайд оронд усалгаатай талбайд мөрдөгдөж байгаа сэлгээгээр талбайд 2-3 жил тутамд төмс, хүнсний ногоо тариалж байгаа тул ногоон бордуурт уриншийг оролцуулан сэлгээ мөрдөж системтэйгээр бордоход үр ашиг нь улам тод илэрнэ. Хөнгөн элсэнцэр хөрстэй, элэгдэлд нэрвэгдэж үржил шим нь буурч, бүтэц алдагдаж байгаа талбайг бусдаас түрүүнд ногоон бордууртаар бордох шаардлагатай.

.

Хөрс боловсруулалт

Хөрс боловсруулалт нь төмсний ургацад чухал нөлөөтэй. Хөрс хэт нягтарсан, чийг, агаарын дутагдалтай нөхцөлд төмсний үндэсний системийн хөгжилт муудаж, ургамлын дүрс хувиран иш (столон) сул хөгждөг. Хөрсний үндсэн боловсруулалтыг гүн хийх нь хөрсний ус чийг, шим тэжээлийн бодисын хуримтлал ихсэхээс гадна өвчин хортон, хог ургамалтай тэмцэх үндсэн нөхцөлийг бүрдүүлнэ. Төмсийг усалгаатай нөхцөлд тарьж буй тохиолдолд хөрсийг хавар эсвэл намрын хагалгаагаар боловсруулах ба усалгаагүй нөхцөлд уриншинд тариална. Үр тариа тариалсан талбайг 2 мөрөөр сэндчилж (10-12 см гүнд), 25-27см гүн хагалах нь ашигтай. Хөрсний үндсэн боловсруулалтыг сайн хийх нь дараагийн ажил, арчилгаа зөв хийх үндэс болно.

.

Тарилтын өмнөх хөрс боловсруулалт

Тарилтын өмнөх хөрс боловсруулалт нь хөрсний нягтарсан үеийг сийрүүлэх, хог ургамлыг устгах, чийг хадгалахад чиглэгдэнэ. Хавар хөрсний өнгөн хэсэг их хатдаг учраас чийг хаалтын борнойг явуулна. Хэрэв хавар хөрсний нягтралт их байвал хөрсийг 2 удаа сийрүүлэх нь ашигтай. 1-р сийрүүлэлтийг 10-12 см гүнд, 2-р сийрүүлэлтийг тарихаас өмнө 14-16 см гүнд хийх нь ашигтай.

.

Үрийг тарилтад бэлтгэх

Чанар сайтай арвин ургац авах, ургалтын хугацааг богиносгох зорилгоор үрийг тарилтад бэлтгэх шаардлагатай. Үрийн төмсийг ангилан тариалсан тохиолдолд хамгийн бага 25-50 гр жинтэй булцууг шигүү тариалалтад зориулан тариалах ба 50-80 гр жинтэй булцууг үрийн талбайд, том жинтэй булцууг таваарын буюу эрт ургац авах зорилгоор тариална. Ямарч зориулалтаар тарьж байгаа нөхцөлд үрийн төмсийг соёолуулж тарих нь ашигтай. Зооринд байгаа төмсийг халуун агаараар үлээлгэх эсвэл зоорины хаалгыг онгойлгож дулаан агаар оруулах нь үрийн төмсний соёололтыг түргэсгэнэ. Үрийн төмсийг 7-10 хоног наранд гаргаж нарлуулахад төмсний соёололт жигд хурдан соёолно. Тарих үрийн материалыг бактери, мөөгөнцөрийн өвчнөөс сэргийлж Максим 0.2-0.4 л/тн, Батор 0.1 л/тн, Текто 0.08 кг/тн, Манкозеб 1-2 кг/тн нормоор тооцож ариутгана.

.

Тарилт

Төмсийг таваарын зориулалтаар 40-45 мянган бут, үрэнд зориулан 50-55 мянган бутаар 1 га-д тарих нь ашигтай. Тарих үрийн материалд 40-80 гр буюу 45-55 мм хэмжээтэй булцуугаар тарихад 2.8-3 т/га нормоор таригдана. Төмсийг 4-р сарын 25-наас 5-р сарын 15-ны дотор, 10-12 см гүнд тарих нь зохистой. Сүүлийн үеийн эрчимжсэн сортуудыг мөр хооронд 75-80 см зайтай тариална.

Төмсийг хамарлаж тарихад түргэн халж, хөрсний ус агаар, дулааны горим сайжирч эрт соёолж ургамлын цаашдын хөгжил сайжирдаг. Хөрсний чийг дутагдалтай үед хагас хамарлаж буюу тэгш тариалалт хийнэ. Төмсийг тухайн бүсийн цаг уурын нөхцөлд тохируулан эрт тарих нь ашигтай. Эрт тарихад ургамлын үндэсний систем хүчирхэг ургахаас гадна ургамлын иш навчны өсөлт хөгжилт сайжирна. Эрт тарих нь оройтож тарьсанаас 25-30 % ургац илүү өгдөгийг судлаачид баталжээ. Гэхдээ тухайн орон нутагт хөрсний 10 см гүнд 6-8 0С болсон үед тарих хэрэгтэй. Төмсийг хэт эрт, хөрсний 10 см гүнд 3-5 хэм халаагүй үед таривал төмсний өвчлөлт ихэснэ.

.

Арчилгаа

Төмс тарьсны дараа арчилгааг хугацаа алдалгүй тасралтгүй хийх хэрэгтэй. Хэрэв арчилгаа хугацаа алдаж чанар муутай хийвэл хог ургамалд нэрвэгдэх, хөрсний шим тэжээлийн бодисыг хог ургамал булаан авахаас гадна нарны гэрэлтэлтийг хааж улмаар бордооны үр ашгийг бүрэн ашиглаж чадахгүйд хүрнэ. Арчилгаа хийхэд тухайн хөрс цаг уурын онцлог болон төмс тарьсан аргаас хамаарч хийх болно. Арчилгаа үндсэн хоёр зорилготой хийгдэнэ. Энэ нь хог ургамлыг устгах, хөрсийг сийрэг байлгахад чиглэгдэнэ. Төмс тарьсны дараа соёололтын өмнөх борнойг 1-2 удаа хийнэ. Хэрэв хог ургамлын ургалт багатай бол соёололтын өмнө хоёр удаа борнойдож болно. Хог ургамлыг устгах зорилгоор Грамоксин 0.6-0.8 л/га, Зонтран 0.5 л/га нормоор соёололтын өмнө болон дараа хэрэглэж болно.

Хог ургамал шим тэжээлийн бодис, ус чийгийг хөрснөөс ихээр авдаг учраас анхны сийрүүлэлтийг борнойн хамт хийх нь ашигтай. Анхны сийрүүлэлтийг 14-16 см гүнд хийнэ. Хоёрдугаар сийрүүлэлтийг 8-10 см гүнтэй хийнэ. Халуун хуурай жил хөрсний чийгийн хангамж бага үед (хагалгааны гүнд 20-25 мм-ээс бага чийгтэй) сийрүүлэлтийг гүн хийхэд ургамал ихээр өвчилнө. Ургамлын өндөр 16-18 см болсон үед маналтыг хийнэ. Маналт хийх нь төмсний булцууг ногоорохоос хамгаалахаас гадна хураалтын үед хаягдал багасна. Маналтыг мөр битүүрэхээс өмнө хийх нь хог ургамлын тархалтыг багасгах ашигтай.

.

Бордох

Төмснөөс арвин ургац авахын тулд төмс тарих талбайг заавал шимт болон эрдэс бордоогоор бордох нь ашигтай. Шимт бордоо бууц нь хөрсний үржил шимийг дээшлүүлэхээс гадна хөрсний микроорганизмын үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг, мөн ялзмаг хуримтлуулах, ургамлын өсөлт хөгжилтөнд муугаар нөлөөлдөг давсжилт, хүчиллэг болоход эсрэг нөлөө үзүүлнэ. Манай орны нөхцөлд хөнгөн элсэнцэр хөрсөнд бууцыг 20-40 т/га нормоор бордох нь чухал. Бууцыг хөрсний үндсэн боловсруулалтын үед хийнэ. Төмсний ургац ба таваарлаг чанарыг дээшлүүлэхийн тулд шимт ба эрдэс бордоог хослон хэрэглэх нь ашигтай. Төмс тариалах талбайг УГТХүрээлэнгээс тогтоосон дүнгээр азот 100 кг/га, фосфор 80 кг/га, кали 140 кг/га нормоор эрдэс бордоог үндсэн бордооны зориулалтаар бордох нь чухал. Харин анхны сийрүүлэлтийн үед нэмэлт бордоо болгон азотын бордоог 50 кг/га нормоор бордож өгнө. Мөн ургамлын өсөлт, хөгжилтийг түргэсгэх зорилгоор Гуматын бордоог 1.0 л/га нормоор ургалтын хугацаанд 2-3 удаа хэрэглэнэ.

.

Хураалт

Төмсийг хураахад хүн хүч, хөдөлмөр маш их шаардагдана. Хураалтын чанараас хамаарч булцууны өвлийн хадгалагдах байдал, бүтээгдэхүүний чанар ихээхэн хамаарна. Төмс ургуулахад нийт зардлын 60-70 % нь зөвхөн хураалтанд зарцуулагдана. Төмс хураахад эхлээд эртийн төмс, дараа нь үрийн, эцэст нь таваарын зориулалтаар тариалсан төмсийг хураана. Төмсний хураалтын үед чанартай, булцууны хэмжээ багатай, хаягдалгүй хураахад чиглэгдэнэ. Ийм учраас хураалтын өмнөх арга ажиллагааг сайн хийх техникийн байдал, талбайг хураалтанд бэлтгэх нь чухал юм.

Төмс хураахын өмнө төмсний иш навчийг хадах буюу хатаах нь булцууны физиологийн бололтыг түргэсэх улмаар хальсны бэхжилтийг сайжруулан, гэмтлийг багасгах сайн талтай учир заавал хийх хэрэгтэй. Хураалтын өмнө иш навчийг хадах нь хураах аргаас хамаарна. Хэрэв ухагчаар хураах бол 8-10 см, комбайнаар хураах бол 18-20 см өндөртэй иш навчийг хадна.

Төмсний иш навчийг хатаахад ихэвчлэн хлорт магни, реглон зэрэг бодисыг хэрэглэж байна. Эдгээр аргуудаас хэрэглэж төмсний иш навчийг хадахад үрийн талбайд 10-12 хоног, таваарын талбайд 3-5 хоног тус тус хураалтын өмнө хийнэ.

Мөн төмсний талбайн хөрс хэт нягтарч хатуурсан нөхцөлд хураалтаас хоёр хоногийн өмнө сийрүүлж өгөх нь хураалтын ажлыг их хөнгөлж өгдөг. Үүнээс гадна талбайг комбайны өдрийн нормыг үндэслэн 12-16 эгнээгээр нэг хэсэг болгон дөрвөн хэсэг болгон хувааж өгөх нь чухал. Комбайнаар болон ухагчаар хураахад эхлээд 1 ба 3-р хэсэг, дараа нь 2 ба 4-р хэсэг (зогон)-ийг хураахад хураалтын ажлыг хөнгөвчлөхөөс гадна сул явалтыг багасгах ашигтай.

Төмсийг комбайнаар хураахад тохируулгыг зөв хийсэн үед шорооны 70 % элеватороор сэгсрэгдэн унаж булцуу нь 10-15 %-ийн шорооны хольцтой бункерт хуримтлагдана. Энэ шорооны хольц нь төмс сортлох үед булцууны гэмтлийг багасгаж амархан цэвэрлэгдэнэ.

  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01