Лабораторийн ЭШАжилчдын анхааралд:                                                                         zar med 3                                                                         zar ,edee 2                                                                          Буцах

Тагар сонгино тариалах технологи

Боловсруулсан: П.Насан-Ариун, Ц.Нарандэлгэр

Дархан-Уул аймаг, 2020 он

Агуулга

- Ач холбогдол.

- Биологийн онцлог.

- Сорт.

- Тарих агротехнологи.

- Арчилгаа.

- Хураалт.

- Хадгалалт.

- Өвчин, хортон.

.

Ач холбогдол

Сонгинолог ургамлуудыг бодвол навчиндаа 4 % хүртэл их сахар, булцуундаа каротин 2 % уураг, эрдэс давс, С, В, В2, РР зэрэг амин дэм агуулдаг. Манай оронд нилээд тариалдаг болсон. Энэ нь түүний арчилгаа, усалгаа бага шаарддаг, түргэн болдог, удаан хадгалагддаг, бутыг нь задалж үржүүлж болдогоороо давуу талтай. Тагар бөөрөнхий сонгиныг бодвол зөөлөн навчтай, хурц биш амттай.

Тагар нь бөөрөнхий сонгиноос шим тэжээлийн агуулалтаар өндөр.

.

Биологийн онцлог

Шалот сонгино буюу Тагар сонгино олон наст ургамал. Үрээр ба сонгинолог булцуугаар үржинэ. Тагар сонгино нэг үүрэндээ 5-6 заримдаа 25-30 ширхэг сонгинолог булцуу үүсгэнэ. Цайвар ногоон навчтай хуурамч иш нь богинохон ба нарийн байдаг. Зөв бус хэлбэртэй, дугуй сонгинолог булцуутай. Булцууны гадуур шаргал болон ягаан хайрстай. Манай оронд шалот сонгины нэг дээж Дорнод аймагт Тагар гэдэг хүн тарьж байсныг Халх голын станцад тодруулж улмаар Шалот сонгиныг Тагар сонгино гэж нэрлэсэн байна. Тагар сонгины нэг булцуунаас 14-16 ширхэг сонгино үүсдэг. Үржих коэффициент сайтай. Тагар сонгины жижиг булцууны дундаж масс 15-20 гр, том булцуу нь 5-6 см масс нь 80 гр хүрнэ.

.

Сорт

Желтый кубанский: Амт сайтай, богино болцтой, 2 сарын дотор хальс сууж 5 хүртлэх том булцуу үүсдэг. Ургац 160-280 ц/га. Булцууны өнгө голчлон шар өнгөтэй, махлаг эд нь цагаан, хурц үнэртэй, хадгалалт сайн даадаг сорт.

Софокл: Ургацаа тогтвортой өгдөг. Дунд болон том хэмжээтэй булцууны жин нь 52 гр. Богино болцтой. Булцуу нь улаан хүрэн, хурц амттай. Нэг булуу нь 7-9 ширхэг салаалдаг.

.

Тарих агротехнологи

Хөрс: Ялзмаг сайтай хөнгөн хөрсөнд тариална. Сэлгээг зөв тохируулах хэрэгтэй. Өмнөгч нь төмс, байцаа, хэмх, лооль тарьсан талбай тохиромжтой.

Төлийг тариалалтанд бэлтгэх: Олон үртэй 8-11 г, 13-18 г жинтэй булцуу тарилтанд хэрэглэнэ. Тарихын өмнө булцууг 40 хэмийн бүлээн усанд 6-8 цаг ариутгана.

Өмнөгч: Байцаа, лооль, хэмх, чинжүү, гуатан зэрэг өргөн мөрт ургамал

Тарилт: Тагар сонгиныг 5-р сарын 5-10 нд тарина. Ил талбайд болон хамгаалагдсан хөрсөнд 600-1300 кг/га буюу 1 м2 талбайд 0.5-0.6 кг-ыг тарина. Үрийн материалыг тарихын өмнө 100 кг тутамд нь 300 гр ТМТД хийж ариутгасан байвал зохино. Зарим дулаан хүрэлцээтэй нутагт намар 10-р сарын дундуур тарина. Намар тарьсан бол хавар 4-р сард ногоон сонгино, 6-р сард бөөрөнхий сонгино хураан авч хэрэглэж болно. Намар оройхон бууц, үртэсээр хучиж өвөлжүүлнэ.

.

Тарих схем

.

Арчилгаа

Ургалтын хугацаанд 4-6 удаа усална. Усалгаа, хор цацах, сийрүүлэлтийг хураалтаас 20-30 хоногийн өмнө зогсооно. Ургалтын үед навчлалт, булцуулалтын өмнө биоялзмаг, ризобактерийн бордоогоор бордоно. Усалгаа бороо орсны дараа мөр хооронд сийрүүлэн хог ургамлыг устгана.

.

Хураалт

Тагар сонгины ургацыг 8-р сараас түүвэрлэн, эцсийн хураалтыг намрын цочирол хүйтрэлт болохоос өмнө хийнэ. Манай оронд тариалж буй Шалот сонгино үр өгдөггүй, зөвхөн булцуугаар үрждэг.

.

Хадгалалт

Хураасны дараа навчийг булцуунаас дээш 2-3см зайтай тайрч, 20-30 хоног сайн хатаана. 70-80 %-ийн харьцангүй чийгтэй, 2 –50 С дулаанд хадгална. Хадгалалт маш сайн даадаг.

.

Өвчин, хортон

Сонгины ялаа -Della Antigua Mg

Сонгино, сармисыг гэмтээдэг, өргөн тархалттай хөнөөлт шавьж. Бие гүйцсэн шавьж нь 6-7 мм урт биетэй, цайвар өнгийн, хар хөлтэй , гэрийн ялаатай төстэй. 5 сарын дундуур нисч эхлэх ба сонгино сармисны хайрсны уг орчимд өндөглөнө. Авгалдай нь цагаан өнгийн, хөлгүй толгойгүй. Гэмтсэн ургамлын навч үзүүрээсээ шарлаж эхлэх ба авгалдай нь сонгины булцуунд нэвтрэн орж ялзруулна. 6 сард ихээхэн хор хөнөөл учруулна.

Сонгины үндэсний хачиг-Rhyzogliphus echinophus. R

Хачигууд сонгинолог ишний угийн хэсгийг идэж цаашид ишинд нэвтрэн орж ялзаруулна.

Ялангуяа хадгалалтын үед их гэмтвэл сонгины хальс бүр мөсөн хоосон болж хатдаг.

.

Сонгины төвгөрт дүнгэнүүр ялаа-Eumerus tuberculatus R

Бие гүйцсэн ялаа гялтганасан ногоовтор өнгөтэй, хэвлийн хажуу талаар хагас сар хэлбэрийн тод гурван толботой. Авгалдай нь намар 8-9 сард хөнөөл учруулж сонгинотой хамт хураагддаг. Гэмтэлтэй сонгиныг талбайгаас зайлуулна.Гэмтсэн сонгины навчны үзүүр хэсэг эхлэн шарлаж хатах ба сонгинолог хэсэг нь ялзардаг.

Тэмцэх арга: Каратэ, Борей шавжны хорыг 0.15-0.2 л/га 200-300 л/га усанд найруулж 6-р сарын эхэн үед болон 7- сарын дундуур урьдчилан сэргийлнэ. Мөн ургалтын хугацаанд хортон илрэх үед дээрхи тунгаар цацна.

Сонгины хуурмаг гуалах- /Peronospora destructor/

Өвчин нь ургамал ургалтыг бүх хугацаанд сонгиныг өвчлүүлдэг ба гол төлөв үр авах зориулалтаар тариалсан сонгино дээр илэрнэ. Сонгинолог булцуунд өвөлжсөн өвчин үүсгэгч мөөгөнцрийн мицель нь төл сонгиныг суулгасны дараа идэвхижин ургаж эдүүдийн хооронд тархана. Өвчин үүсгэгч зуны туршид үржин халдварлах бөгөөд хур тунадас элбэгших үед өвчний тархалт хурдацтай нэмэгддэг. Өвчний спор нь сонгины булцуу болон талбай дахь сонгины үлдэгдэлд өвөлждөг.

Сонгины зэв - Puccinia porri Wint.

Сонгиныг ургалтын хугацаанд өвчлүүлнэ. Зэвээр өвчилсөн сонгины цоор хугацаанаасаа өмнө шарлаж хатдаг тул сонгины булцуу томрохгүй. Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутгуудад тариалагдсан сонгино болон хээрийн зэрлэг сонгинолог ургамлууд дээр зэв өвчин ихээр тархсан байдаг.

7 дугаар сарын I арав хоногоос эхлэн тархаж II арав хоногоос халдварлаж, цаашид 8 дугаар сарын III арав хоногийг дуустал сонгиныг өвчлүүлнэ.Сонгины цоорон дээр цайвар шаргал өнгийн жижиг төвгөртэй зууван хэлбэрийн толбо байдалтайгаар илэрч аажимдаа хар болж өөрчлөгдөнө.

Тэмцэх арга: Үрийн материалыг ариутга, Фунгицидыг зохистой тунгаар хэрэглэх, Сэлгээг зөв баримтлах, хөрсийг гүн хагалж боловсруулах

  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01