Лабораторийн ЭШАжилчдын анхааралд:                                                                         zar med 3                                                                         zar ,edee 2                                                                          Буцах

Цэс тариалах технологи

Боловсруулсан: Ж.Байгалмаа /доктор Ph/, Ц.Нарандэлгэр /доктор Ph/, Б.Одончимэг /ЭШДА/

Дархан-Уул аймаг, 2020 он

Агуулга

- Ач холбогдол.

- Нэршилийн түүх.

- Гарал үүсэл.

- Биологи шинж чанар.

- Ургуулах арга.

- Тариалах сорт.

- Үр жимсний биохимийн шинж чанар.

- Зориулалт.

- Цэсийн ургалтын үед хийгдэх арчилгаа.

- Цэсийн халдварт бус өвчин болон голлон тархдаг хортонууд.

- Цэсийн хортон.

- Цэсийн өвчин.

- Цэсний ургалтын үед зонхилон гардаг өвчин, хортон.

- Гэрийн нөхцөлд Икра хийх арга

.

Ач холбогдол

Цэс нь Дундад Азид хүнийг урт наслуулдаг хүнсний ногоонд тооцогддог байна. Энэ нь түүнд агуулагдах калийн давс нь хүний зүрхний үйл ажиллагааг дэмждэг тул зүрх судасны өвчтэй өндөр настай хүмүүс ихээр хэрэглэдэгтэй холбоотой юм. Мөн энэ тарималд өөх тос задалдаг ферментууд байдаг тул илүүдэл жингээ хасах зорилготой болон судасны хатууралтай хүнд хэрэглэхийг зөвлөдөг.

.

Нэршилийн түүх

Цэсийн зүйлийн нэр нь melongena, санскрит vatin ganah үгнээс гаралтай боловч тухайн таримлын үр жимсийг бусад оронд өөрсдийн хэл зүйн нэршлээр өөрчилсөн байдаг. Жишээ нь: перс – بادنجان (бадинджан), араб – باذنجان (базинджан) гэж нэрлэж заншсан байдаг. Цэс нь бусад оронд тархсан байдлаараа тухайн орны хэлэнд хөрвүүлэгдэн өөрчлөгдөж иржээ. Араб хэлнээс Испанд alberengena (альбэрэнхэна) гэдгээс Франц руу шилжин aubergine (обержин) нэрээ өөрчлөгдсөнийг Латин ба Итали хэлэнд базинджан гэж нэрлэгдэж хэвшсэн байдаг. Цаашид Португал улсад тариалж эхэлсэнээр alberengena (бринжелла) гэж нэршсэн. Харин Энэтхэг Португал улсын худалдаа эрчимтэй хөгжиж эхэлсэнээр энэ таримал нь эх орондоо эргэн ирэхдээ бринджал нэрээр ирсэн байдаг.

Орос баклажан нэр нь Турк улсын patlican (патлыджан) болон Таджик باقلجان (боклачон) үгнээс гаралтай юм.

Монгол оронд цэсийг өргөн хэрэглэж заншаагүй ба тариалан ч бараг байгаагүй гэж үзэж болно.Харин сүүлийн жилүүдэд нийтийн хоолны газруудад өргөн хэрэглэж байна.

.

Гарал үүсэл

Зэрлэг хэлбэрээр Дундад Ази ба Энэтхэгт ургадаг. Түүнийг тариалж эхэлсэн тухай 1500 жилийн өмнөх санскритын бичмэл дээр тэмдэглэгдсэн байдаг.Хамгийн ихээр тариалж байсан түүх нь араб үндэстэнтэй холбоотой гэж үздэг. Африк тивд IX-р зуунд нэвтэрсэн байдаг. Европын орны тариаланчид энэ таримлыг XV-р зуунд анх тариалж эхэлсэн хэдий ч XIX-р зуунд өргөн тархан хоол хүнсэндээ өргөнөөр хэрэглэж эхэлжээ.

.

Биологи шинж чанар

Цэс нь нэг наст, өвслөг 40 – 150 см хүртэл өндөр ургадаг ургамал. Навч нь том дараалан ургадаг жижиг өргөсөнцөрөөр бүрхэгдсэн. Сортын онцлогоос хамаарч навчны өнгө ногооноос нил ягаан өнгөтэй байна. Цэцэг нь хос бэлэгт, ягаан өнгөтэй, 2.5 – 5 см диаметртэй, ганц буюу баг цэцэгтэй. Нэг баг цэцэгт сортын онцлогоос хамаарч 2 – 7 цэцэг үүсэнэ. Цэцэглэлт нь 7 - 9 сард үргэлжилж үүсдэг.

Цэсийн үр жимс нь янз бүр. Бөөрөнхий хэлбэрээс лийр ба цилиндр хэлбэртэй байна. Үр жимсний хальс нь гөлгөр бөгөөд гялгар. Үр жимсний диаметр 20 см, урт нь 70 см хүрдэг. Болц бүрэн гүйцэх үед үр жимс нь амтгүй байх бөгөөд саарал ногоон ба шаргал өнгөтэй болно. Болц гүйцээгүй үр жимс нь цайвар ягаанаас хар ягаан өнгөтэй бөгөөд хүнсэнд хэрэглэх нь хамгийн тохиромжтой үе байдаг.Цэсийн үр жимс лоолийн үр жимсийг бодвол үрийн хүүдийгүй байдаг. Цэсийн үр жижиг, хавтгай хэлбэрийн цайвар бор өнгөтэй. Үр нь сортын онцлогоос хамаарч 8 - 10 сард боловсордог.

.

Ургуулах арга

Манай оронд цэсийг нэг наст гэж тооцон үрслэгээр ургуулах боломжтой. Цэс нь гадаад орчны нөхцөлд тавих шаардлага өндөртэй таримлын тоонд ордог.Цэс нь дулаансаг ургамал бөгөөд агаарын хэлбэлзэлд тэсвэр муутай. Хэт халуун буюу хүйтэнд баг цэцэг, цэцэг болон үр жимс нь унах аюултай. Ургамал ургалтын хугацааны хамгийн тохиромжтой температур нь 25-280С хооронд хэлбэлзэнэ. Үр жимс боловсрох үед хөрсний чийг багтаамжийг 80%-д бариулах шаардлагатай байдаг. Цэсийн үр нь 150C-аас дооших температурт ургадаггүй онцлогтой. Удаан хугацаагаар үргэлжилсэн нэмэх бага, хасах температурт ургамал нь мөхдөг. Гэрэлсэг тарималд тооцогддог тул удаан үргэлжилсэн бүрхэг өдрүүдэд ургалт удааширч суусан үр жимс нь томордоггүй. Мөн ургамлын тэжээлийн талбайг ойртуулж тарихад ийм үзэгдэл ажиглагдана.

Цэс нь хөнгөн, үржил шим сайтай хөрсөнд сайн ургадаг. Цэсийн сайн өмнөгчид өвөлжих буудай, хэмх, сонгино, буурцагт ургамлууд болон байцай орно. Гол арчилгаа нь хөрсийг сайтар сийрүүлэх, хог ургамал устгах, бордох, услах, өвчин хортонтой тэмцэх явдал юм.

Цэсийн гол хөнөөлт шавьжид шүлхий хачиг, колорадын цох зэрэг орно. Харин голлох өвчинд хуурай илжрэл, фитофтор ба вилт?? зэрэг нь хамгийн их хөнөөл учруулж ургацыг буруулдаг.

.

Тариалах сорт

Дэлхийн хүнсний ногооны эрдэмтэн судлаачид хэлбэр дүрс, үр жимсний хэмжээ, өнгө зэргээрээ ялгаатай олон төрлийн цэсийг гаргасан байдаг. Үр жимсний хэлбэр дүрс нь олон янз байдаг. Цилиндр хэлбэрээс лийрэн хэлбэр хүртэл хувирч байдаг бөгөөд бөөрөнхий хэлбэр нь түгээмэл тариалагдана. Нэг үр жимсний жин 30 г-аас 2 кг хүртэл хэмжээнд хэлбэлзэнэ.

Үр жимсний хальсны өнгө цэнхэрээс нил ягаан өнгөтэй болж хувирахаас гадна “Белое яйцо” сортын үр жимс цагаан бөгөөд өндөгөн хэлбэртэй байдаг. Мөн “Золотое яйцо”сортын хальсны өнгө нь шар бөгөөд мөн өндөгөн хэлбэртэй байдаг. Эдгээр сортууд нь эрт болцтой бөгөөд нэг ургамал дахь үр жимсний тоо олонтой ба маш амтлаг байдаг. Хятадад жижиг хэмжээтэй үр жимстэй сортыг өргөнөөр тарьдаг бол ОХУ-д ихэвчлэн хүрэн ягаан өнгийн дунд зэргийн хэмжээтэй сортуудыг тариалдаг. Манай оронд дунд зэргийн үр жимстэй, хүрэн ягаан өнгийн сортуудыг сонирхон тариалж байна.

.

Үр жимсний биохимийн шинж чанар

Цэсийн үр жимсэнд хуурай бодис 7.1-11%, сахар 2.72-4 мг%, уураг 0.6-1.4%, өөх тос 0.1-0.4% хүртэл агуулагдахаас гадна кальци, кали, фосфор, төмөр, каротин ба В төрлийн амин дэмууд байдаг. Энэ таримал нь эслэгээр маш баялаг.

.

Зориулалт

Цэсийг дэлхийн олон улс үндэстэн хоол хүнсэндээ өргөн хэрэглэдэг. Түүнийг чанаж, шарж, жигнэж, грилдэж хэрэглэхээс гадна дахин боловсруулах үйлдвэрт түүхий эд болгон ашиглаж салат болон икра хийдэг. Болц нь хэт гүйцсэн үр жимсэнд соланин ихээр хуримтлагддаг тул шинэхэн байдлаар нь хэрэглэхийн тулд техникийн болц гүйцсэн залуу үр жимсийг хэрэглэнэ.

.

Цэсийн ургалтын үед хийгдэх арчилгаа

Гэрэл

Гэрэл, дулаанд дуртай боловч богино өдөрт үр жимс өгөх чадвар нэмэгдэнэ. Иймд оройн 18.00 цагаас өглөөний 6.00 цаг хүртэл сүүдэрлэнэ.

Хөрсний чанар (pH)

Хөнгөн саармаг болон сул хүчиллэг хөрс тохиромжтой./ 6.0-6.7/,Хүчиллэг хөрсийг 3-4 жил тутамд саармагжуулах шаардлагатай.

Усалгаа

Ургалтын хугацаанд 6-8 удаа услах ба үр жимс үүсэх үед хамгийн ихээр ус шаардана.

Цэс нь агаарын харьцангүй чийгшил ихсэх болон навчны гадаргууд ус хүрэхэд мөөгөнцрийн өвчинд өртдөг.

Үрслэг бойжуулах үед усалгааны горим баримтлагдаагүйгээс үргамал сульдах аюултай.

Цэсийг бүлээн усаар услах хэрэгтэй.

Үрийг тарилтанд бэлтгэх

Цэсийн үрэнд тарихын өмнө эртжүүлэх, ариутгах, мөхлөгжүүлэх зэрэг арга ажиллагаанууд хийгддэг. Үрслэг бэлтгэх тохиолдолд үрийг 3-р сарын 2 дугаар арав хоногт багтаан тарина. Цэсийн үр нь 5-25 хоногийн дараа соёолдог.

Бордох

Цэс нь үржил шим сайтай, ялзмагаар баялаг хөрсөнд сайн ургана.

Үндсэн бордоо: 1м2 талбайд намар 10 кг хүртэл органик бордоо, фосфор калийн бордоог тус тус 20 г, хавар азотын бордоог 10 г

Нэмэлт бордоо:

  • Үрслэг шилжүүлсэнээс хойш 20 хоногийн дараа (10 литр усанд азот, фосфор, калийн бордоог тус тус 10 г)
  • Ургалтын хугацаанд дахин 2-3 удаа эрдэс бордооны тунг хоёр дахин нэмэгдүүлнэ
  • Усалгаатай хамт гурвалсан (комплекс) бордоо сард хоёр удаа
  • Бууц, сангасыг исгэсэн байдлаар хэрэглэнэ.

Сайн өмнөгч

Хэмх, байцай, сонгино, шар лууван, хулуу, буурцагтан

Тохиромжгүй өмнөгч

Төмс, лооль, чинжүү, цэс

Үрслэг тарих, бойжуулах

Үрийг үрслэг талбайд шилжүүлэхээс 2-2.5 сарын өмнө тарина. Шилжүүлэлт муу даадаг тул том хэмжээтэй хавтант хоовонд үрслэгийн бойжуулна.

Үрслэгийг ил талбайд шилжүүлэхээс 12 хоногийн өмнө тэсвэржүүлэнэ (өдөртөө 180, шөнөдөө 140)

Үрслэг шилжүүлэхээс өмнө буюу шилжүүлсэны дараа хөрсийг хучиж өгнө. (нийлэг хальс, үртэс)

Тарих бүдүүвч

Төмс, лооль, чинжүүтэй ойролцоо буюу хамт тарихгүй байх. Тохиромжтой тэжээлийн талбай 40x50 см

Тарих гүн

Үрийг 1.0 см гүнд суулгана.

Өвчин ,хортон

Өвчин: фитофтор, макроспориоз, септориоз, цагаан илжрэл, оройн илжрэл, хар хөл

Хортон: колорадын цох, цагаан далавчтан,

Арчилгаа

Ургалтын хугацаанд 5 удаа сийрүүлэх, бордох, услах, хог ургамал устгах зэрэг ажлыг хийж гүйцэтгэнэ. Ургамлыг хоёр ишээр ургуулах, тогтмол таналт хийж өгнө.

Ургац нэмэгдүүлэх, тоос хүртээх зорилгоор тоос хүртээгч шавьж цуглуулах (1 л усанд 100 г сахар, 2 г борын хүчил найруулан шүрших).

Эртийн ургац авах зорилгоор цэцгэнд идэвхижүүлэгч шүршиж өгөх хэрэгтэй.

Үр жимсийг хураахдаа зориулалтын хайч хэрэглэнэ.

Тариалах сортууд

Эрт болцтой: Солярис, Боярин F1, Робин гүд, Городовой эдгээр сортууд нь техникийн болц хүртэл 112-118 хоног.Ургамал индетерминант хэлбэртэй, үр жимсний дундаж жин 215-220г, Ургац-3-6кг/м2 өгдөг.

Дундын болцтой: Глобус (120-135хоног),Донской 14, Сюрприз, Городовой F1.Үр жимсний жин-400-500г,Ургац-10-12кг/м2.Вирус болон тамхины мозайка өвчинд тэсвэртэй.

Ил талбайд: цомхон буттай, 1 см хүртэл өндөртэй сорт болон эрлийзүүд

Хүлэмж болон нийлэг хальсан бүрхүүл дор: 1.5 м хүртэл дунд зэргийн өндөртэй, 2 м хүртэл өндөр ургадаг сорт ба эрлийзүүд

.

.

Цэсийн халдварт бус өвчин болон голлон тархдаг хортонууд

Төрөл бүрийн өвчин, хортон нь цэсийн ургацыг ихээхэн буруулдаг. Тэдгээрээс цэсийг хамгаалах буюу урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг авсан хэдий ч төдийлөн сайн устгаж чаддаггүй. Хүлэмжийн аж ахуйн эрхлэгчидийн анхаарах зүйлд цэсийн ургамлуудыг колорадын цох, шүлхий хачиг, цагаан далавчтан, бөөс, бясаа зэргээс хамгаалах нь чухал. Мөн цэсийн ургамал болон үр жимсэнд ихээр хор хөнөөл учруулдаг мөөгөнцөр, вирусын өвчнүүд (олон төрлийн илжрэл, хар хөл г.м.) багтдаг байна.

Багахан хэмжээний аж ахуй эрхлэгчид, өрхийн тариалан эрхэлдэг хүмүүс тэдгээр өвчин хортонд химийн арга хэмжээ авч байхыг төдийлөн зөвшөөрдөггүй. Өвчин хортонтой тэмцэхийн тулд хортой бодис агуулаагүй биобэлдмэлүүдийг зохистой тунгаар нь хэрэглэхийг зөвлөдөг. Жишээ нь вирусийн өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн түгээмэл аргад цэсийн үрийг 20 минут марганцын уусмалд дэвтээж тарих арга ордог.

.

Цэсийн хортон

Цэсийн хортонд бясаа, шүлхий хачиг зэрэг нь ихээхэн хор хөнөөл учруулдаг. Үүнээс хамгийн хор хөнөөл учруулж ургацыг буруулдаг нь бясаа юм.

Бясаа нь иш, навч, цэцгэн дээр илэрч ургамлын шүүсийг сорон гэмтээдэг. Бясаатай тэмцэхийн тулд хурдан задардаг инсектицидүүдийг (карбофос буюу кельтан) хэрэглэх нь хамгийн тохиромжтой аргын нэг. Цэсийг цэцэглэхээс өмнө болон цэцэглэлтийн дараах үе шатанд шүршинэ. Үр жимс үүсэж байгаа үед шүршиж болохгүй. Үүнээс гадна модны үнс, тамхи зэргийг халуун усанд найруулж 1 хоног дэвтээн, шүүсэн хандмалаар шүршиж болдог. Шүршихийн өмнө барааны саван нэмж өгөх нь наалдамхай чанартай болгоно. Тухайн бэлдмэлийг өглөөний цагааар шүршвэл ихээхэн үр дүнтэй.

Шүлхий хачиг нь цэсийн навчны шүүсийг сордог. Навч нь толбожин улмаар хатаж үхдэг. Ургацын хэмжээг ихээхэн бууруулдаг. Маш хурдан үрждэг. Тэдгээртэй тэмцэхийн тулд сонгино болон сармисны хандыг бэлтгэн савангийн уусмалтай хольж шүүгээд шүршиж хэрэглэнэ.

.

Цэсийн өвчин

Ургамлын өвчнийг устгахад хүч хөдөлмөр, нэмэлт санхүүгийн зардал, цаг хугацаа ихээхэн зарцуулдагийг хэн бүхэн сайн мэддэг. Иймд үрийг тарихаас өмнө урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах нь хамгийн сайн арга юм. Ариутгалын арга хэмжээ авсан хэдий ч ургамал өвчилсөн бол тухайн өвчнийг маш хурдан устгаж, талбайгаас зайлуулах хэрэгтэй.

Цэсийн хар хөл - өвчин үүсгэгч нь мөөгөнцөр. Энэ өвчнөөр өвчилсөн ургамлын үндэсний оройн хэсэг харлаж эхлэх бөгөөд нарийссан байдаг. Зарим тохиолдолд харалсан хэсэгт саарал өнгийн өнгөр харагдана. Өвчилсөн тохиолдолд ургамал аажмаар гундаж хагдарч устдаг. Хар хөл өвчин нь ургамал цухуйж эхэлсэний дараа илэрнэ. Ус, агаарын чийгшил ихсэх тусам хурдацтай өвчилж, аажимдаа хөрсөнд шилжин орно.

Тэмцэх арга: Цэсийг хүлэмжид тарих тохиолдолд хөрсийг шинээр солих буюу 200 г хлорын шохойг 10 л усанд найруулж цацах арга хэмжээ авна. Хэрвээ хар хөлөөр өвчилсөн тохиолдолд өвчилсөн ургамлыг үндэсээр нь сугалан авч хаяна. Урьдчилан сэргийлэх аргад өндөр, нам температурын хэлбэлзлийг багасгах, үрслэгийг цөөлж нягтаршлийг багасгах зэрэг нь үр дүнтэй.

Бактерийн хар толбожилт – өвчин үүсгэгч нь бактер юм. Энэ өвчин хамгаалагдсан хөрс болон ил талбайд ч илэрдэг. Ургалтын бүх үе шатанд иш, навч, үр жимсэнд илэрнэ. Навчинд 2-3 мм хүртэл хэмжээний жижиг бөөрөнхий хар өнгийн толбо хэлбэрээр илэрнэ. Ишин дээр уртавтар хэлбэртэй харагддаг бол үр жимсэнд эхлээд жижиг товгор цэг байдлаас аажимдаа 5-6 см хүртэл томорч гэмтээнэ. Хэрвээ ургамал нь өсөлт хөгжлийнхээ эхний үе шатанд өвчилсөн бол ихэнхи тохиолдолд үхдэг. Тухайн өвчин нь агаарын харьцангүй чийгшил ихсэх буюу 250-300С-ийн халуунд хурдацтай тархдаг. Ихэвчлэн гэмтсэн ургамал, үр жимсэнд үүсэж эхэлнэ. Өвчин үүсгэгч нь ургамлын үлдэгдэл, үрэнд үлддэг.

Тэмцэх арга: ээлжлэн тариалах систем баримтлах, ургац хураасны дараа ургамлын үлдэгдлийг сайтар цэвэрлэх. Хэрвээ үр үржүүлэх тохиолдолд эрүүл эх ургамлаас үр жимс сонгож байх. Үрийг тарилтанд бэлтгэхдээ ариутгах. Хэрвээ тухайн өвчин жил дараалан илэрсэн бол хүлэмжийн хөрсийг шинээр солих буюу ариутгал хийж шаардлагатай .

Фитофтор – өвчин үүсгэгч нь мөөгөнцөр. Өвчний шинж тэмдэг иш, навч,үр жимсэнд илэрдэг. Навчин дээр хүрэн өнгийн толбо үүсдэг бол ишин дээр уртавтар хүрэн өнгийн толбо хэлбэрээр харагдана.

.

Цэсний ургалтын үед зонхилон гардаг өвчин, хортон

Нэр

Шинж тэмдэг

Илрэх хугацаа

Химийн арга

Биологийн арга

Уламжлалт арга

Өвчин ба тэдгээртэй тэмцэх аргууд

Фитофтор

Навчны гадаргуу дээр хүрэн толбо илэрнэ

Зуны сүүлч

Ридомил, Акробат,

Анхны шинж тэмдэг илэрсэн үед Фитоспорин

Ургамлыг трихополоор шүрших (5 ш хуурай бэлдмэлийг 10 л усанд)

Хортон ба тэдгээртэй тэмцэх аргууд

Хачиг

Гэмтсэн навч хуйрлах ба тасарч унана

Ургалтын бүх үед

Актара, Конфидор, Банкол

Фитоверм, Агровертин, Биоискра

Сонгины хальсны ханд, цийдмэгээр шүрших

Проволочники

Ургамлын өсөлт зогсонги байдалд орно

Ургалтын бүх үед

Мөр хооронд Базуд болон Землин цацах

Төмсний булцуугаар урхидах

Хог ургамлыг устгах, гүн хагалах

Колорадын цох

Навчийг иднэ

5-р сарын дунд

Карбофос, Алатар

Фитоверм

Сонгино, сармисны хальсны ханд

Бүгэг

Иш гэмтээж, үр жимс цоолно

Ургалтын бүх үед

Карбофос, Алатар, Конфидор

Фитоверм

Эрвээхэйн үе шатанд нь барих

.

Гэрийн нөхцөлд Икра хийх арга

Орц:

- 300 г цэс

- 150 г улаан лооль

- 120 г шар лууван

- 130 г амтат чинжүү

- 70 г бөөрөнхий сонгино

- 30 г сармис

- 10 г нунтаг амтат чинжүү

- 1 ширхэг гашуун чинжүү

- Оливийн тос, элсэн чихэр, давс

Хийх арга: Цэсийг 1 см зузаантай хэрчиж, харлахаас хамгаалж оливын тос түрхэнэ. Үүний дараа амтат чинжүү, улаан лоолийг (хурдан болдог тул) арай том хэрчиж бэлдэнэ. Сонгино болон шар лууванг хэрчиж жижиглэнэ. Бүх хэрчсэн ногоог нийлүүлж хутгаад жигнэнэ. Жигнэхдээ шарах зуухыг 240 хэм хүртэл халаагаад 30 минут жигнэж давс, элсэн чихэр нэмж хутгана. Ингээд бэлэн болсон ногоог 3 өөр зориулалтаар ашиглаж болно. Дангаар нь, шууд хоёрдугаар хоолонд хачир болгох, шууд шинээр нь идэх буюу ариутгасан шилэнд дарж удаан хугацаанд хадгалж хэрэглэнэ.

  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01