Лабораторийн ЭШАжилчдын анхааралд:                                                                         zar med 3                                                                         zar ,edee 2                                                                          Буцах

Цэцэгт байцаа тариалах технологи

Боловсруулсан: П. Алтантуяа /ЭША/

Дархан-Уул аймаг, 2020 он

Агуулга

- Ач холбогдол.

- Биологийн онцлог.

- Ээлжлэн тариалалт ба өмнөгч.

- Тарих сортууд.

- Хөрс бэлтгэх.

- Тарилт ба үрслэг бойжуулах.

- Ил талбайд шилжүүлэн суулгах.

- Ургалтын үеийн арчилгаа.

- Усалгаа ба бордоо.

- Ургац бууруулагч шалтгаан голлох өвчин хортон, түүнтэй тэмцэх.

- Хураалт.

- Савлалт хадгалалт, тээвэрлэлт.

- Цэцэгт байцааг хоол хүнсэнд хэрэглэх

.

Ач холбогдол

Цэцэгт байцаа нь хүний биеийн эрүүл мэндэд нэн ач холбогдолтой тансаг хэрэглээний ногоо юм. ДЭМБ-аас хавдар эсэргүүцэгч /anticancer crop/ топ 10 ургамалд зүй ёсоор тооцсон байдаг. Учир нь цэцэгт байцаа антиоксидантаар баялаг ногоо бөгөөд түүний биохимийн найрлаганд хорт хавдрыг эсэргүүцэгч сульффорфан хэмээх нэгдэл агуулагддаг байна.

Түүний хүнсэнд хэрэглэгддэг хэсэг нь сийрэг толгой болж бөөгнөрөн суусан бүдүүн цэцгийн иш бүхий найлзуурууд бөгөөд толгой нь хавтгай хэлбэртэй, ээзгий мэт бурзгар цагаан өнгөтэй. Түүнчлэн, шаргал, цагаан шаргал, ягаан өнгөтэй ч толгой үүсгэдэг сортууд байдаг.

Цагаан цэцэгт байцааны 100г хуурай массд С амин дэм 85.5-105.5мг%, хуурай бодис 11.2-13.1%, сахар – 3.5%, хүчиллэг 0.29% уураг 13.0-20.6%, өөх тос 12.1-13.6% тус тус агуулагддаг болох нь биохимийн задлан шинжилгээгээр тогтоогдсон. Түүнчлэн А амин дэм, В, С, Е, кальци, магни, фосфор, төмөр, хром, кальци, мангани, зэс, селен зэрэг хүний бие организмд чухал үүрэг гүйцэтгэдэг бодисуудыг агуулдаг байна.

Цэцэгт байцаа нь хүнсний ач холбогдолтой ногоо боловч хүний бие организмын эрүүл мэндийг дэмжих олон процесст чухал үүрэгтэй байдаг. Тухайлбал:

- Элэгний үйл ажиллагааг дэмжих, элэгний эд эсийн нөхөн төлжилтийг дэмжих

- Уураг витамины дутагдлыг нөхөж, дархлааны системийг сайжруулах

- Түрүү булчирхайн өвчлөлөөс сэргийлэх

- Арьс булчинг чилгэр байлгах

- Хөхрөлт бяцралтыг анагаах

- Холестрин бууруулдаг тул илүүдэл жин багасгах г.м

.

Биологийн онцлог

Цэцэгт байцаа нь дулааны шаардлага бага, хүйтэнд тэсвэртэй6 Үр нь 18-200С-ын нөхцөлд 3-4 хоногийн дараа цухуйдаг. Ил талбайд шилжүүлэн суулгаснаас хойш үрслэг нь -5-70С хэмийг даана. Зуны ид ургалтын үедээ 15-160С-ын дулаан хамгийн тохиромжтой сайн ургадаг. 250С-аас дээш дулаан нь толгойн боловсролтод муугаар нөлөөлж толгой задрах гол шалтгаан болдог.

Цэцэгт байцааны ургамал нь үр тарьсанаас хойш цухуйлт ба соёололт, тэвгэн навчны үе шат, навч эгнээ бүрхэх, навч мөр хоорондын зайг бүрхэх, цэцэгт толгой үүсэх буюу толгой суух, аж ахуйн болц болц гүйцэх гэх мэт өсөлт хөгжилтийн 4-5 үе шатууыг дамжин ургадаг.

.

Ээлжлэн тариалалт ба өмнөгч

Үйлдвэрлэлийн томоохон тариалалт хийх бол 4 жилийн сэлгээ баримтлах нь зохимжтой. Хэмх болон гуатан, сонгино, буурцагтан, төмс, лууван тарьж байсан талбай хамгийн сайн өмнөгч болдог. Харин байцааны овгийн таримал, бууцай тариалж байсан талбайд тариалбал судлын бактериоз, утсан өт зэрэг өвчин хортон тархан ургацыг бууруулдаг.

Цэцэгт байцаа, хүчиллэг, шүлтлэг хөрстэй талбайд муу ургадаг тул хөрсний урвалын орчин pH 6.5-7.5 буюу саармаг орчинтой хөрсөнд тариалхад тохиромжтой.

.

Тарих сортууд

Манай оронд Ранная Гртбовская-1355, Гарантия, Снежинка, Early Snowball, Snowball зэрэг сортуудыг тариалахад тохиромжтой байдаг.

.

Хөрс бэлтгэх

Хөрсний үржил шимд өндөр шаардлага тавьдаг ургамал тул үндсэн бордоог хөрсийг бууцаар бордох эсвэл эрдэс бордоог хөрс боловсруулалттай хамтатган зохих горимын дагуу бордох нь зүйтэй.

Цэцэгт байцааны талбайг бордох тун (кг/га)

Бордооны төрөл

Эртийн болцтой сортод

Дунд оройн болцтой сортод

Азот (N)

150-200

250-300

Фосфор (P2O5 )

80-100

80-100

Калий (К2O )

180-200

200-240

Тарих талбайг хавар 5-р сард трактороор 20-25 см гүн хагалж борнойдон хөрсний гадаргууг сайтар тэгшлэr бэлтгэнэ.

.

Тарилт ба үрслэг бойжуулах

Цэцэгт байцааг үрслэгээр тарина. Хавар 4-р сарын 1-5-ны хооронд хүйтэн дарлаганд, нийлэг хальсан хүлэмжжинд болон бүхээг дор тарьж болно. Хүлэмжинд хайрцаг сав, хоовонд тарьж болно. Үрслэгийн хөрсийг хайрцаг, хоовондоо хийж дүүргэн сайтар тэгшлээд услана. Хоовон том үүртэй 3.8-5см голчтой байхад тохиромжтой. Худалдаанд байдаг хөвдөн хөрсийг ашиглаж болно. Үр тарьмагц бүлээн усаар усална. Үр тарьснаас хойш 5-7 хоноод бүрэн цухуйдаг. Үрсэлгийн усалгааг хөрсний хаталтын байдлаас хамааран өдөр бүр, эсвэл 1-2 хоног тутам нарийн шүүртэй услуураар зөөлөн услана. Анхны жинхэнэ навч гарсанаас эхлэн нэмэлт бордоо болгон 10л усанд 20г хийж уусгаад 2-3 удаа 10-14 хоногийн зайтай бордоно.

Хүлэмж дарлагын орчны дулааныг өдөрт 17-220С хэмд шөнөд 8-100С хэмд тохируулан агааржуулагч сэнс, салхивч, хаяавчийг сөхөх арга хэмжээ авна. Үрслэг 4-5 навчтай 15-20см өндөртэй, бахим бүдүүн иштэй байх нь зүйтэй ба 50-55 хоноод ил талбайд шилжүүлнэ.

.

Ил талбайд шилжүүлэн суулгах

Цэцэгт байцаа хөрсний ус чийгэнд өндөр шаардлага тавьдаг тул үрслэг шилжүүлэн суулгахаас 2-3 хоногийн өмнө цэнэг усалгаа хийж хөрсийг усаар сайтар ханатал буюу 350-400м3/га нормоор усална. Хөрсний ус эвэрмэгц үрслэгийн үүр (лунк)-ийг тарих схемийн дагуу бэлтгэнэ. Тарих схем 45х45см, 50х50см, 70х35-40см 60х30см тэжээлийн талбайтай байвал зохимжтой.

Хаврын цочир хүйтрэлт өнгөрсөн үед буюу YI/1-10-ны хооронд ил талбайд шилжүүлэн суулгана. Бууц, биоялзмагийн бордоог үүр бүрт 20-30г нормоор хийж үрслэгийг үүрт хийж үндэс орчмыг шороогоор дарж хөнгөн нягтруулаад усална. Үрслэг сэргэн ургатал тарьснаас хойш 3-5 хоногт өдөр бүр усална.

.

Ургалтын үеийн арчилгаа

Талбайд шилжүүлэн суулгасан үрслэгийн навч эгнээ, мөр бүрхэх үеэс эхлэн хөрсийг гүехэн сийрүүлж бут бүрийг шороогоор манаж, хог ургамал түүх арчилгааг хийнэ. Цаг тухайд нь ургамлын ишийг манана. Маналт хийснээр шинэ үндэс үүсгэж, байцааны ялааны учруулсан гэмтлээс аварч ургамлыг тэнхрүүлэх гол арга зам болдог.

.

Усалгаа ба бордоо

Ургалтын хугацаанд буюу ил талбайд үрслэг шилжүүлсэнээс хойш ургамлын ургалт жигдэрсэн үеэс эхлэн 7-14 хоног тутам 250-320м3/га нормоор бороожуулагч усалгаагаар усална. Ялангуяа үрслэг шилжүүлсэнээс хойш 4 долоо хоногийн дараанаас ургамлын үндэсний системийн өсөлт эрчимтэй явагдах үе тохиодог ба энэ үед хөрс ус чийг болон эрдэс элементээр хангалттай байх нь зүйтэй. Ургалтын хугацаанд бүрэн навчлалт буюу толгой үүсэхийн өмнө цэцэгт байцааны эрдэс хооллолтын горимд зхицуулан эрдэс бордоогоор бордох нь зүйтэй

Цэцэгт байцааны ургамлын эрдэс хоололт ба макро микро элементүүдийн хэрэгцээ

Үе шат

Азот

Фосфор

Кали

Магни

Кальци

Бүрэн навчлалтын үе

120-130

50-60

190-200

50-60

1000-1500

.

Ургац бууруулагч шалтгаан голлох өвчин хортон, түүнтэй тэмцэх

Цэцэгт байцааны ургацад хөнөөл учруулагч хортонгууд элбэг бөгөөд тоорын бөөс, байцааны цагаан эрвээхэй, байцааны бүгэг, хивэн эрвээхэй, тэдгээрийн авгалдай, төөлүүрээр боридон навч ишийг идэж сүйтгэн улмаар бүтээгдэхүүнт эрхтэнийг бохирдуулдаг.

Хөнөөлт хортонтой тэмцэхэд агротехникийн арга хэмжээг цаг хугацаанд авч, ялангуяа ээлжлэн тариалах систем сэлгээг зөв баримтлах, хөрсийг гүн боловсруулах, намар хураалтын дараа ургамлын үлдэгдлийг талбайгаас зайлуулах, явдал юм. Хэрэв хортоны тархалт илэрсэн бол тохирсон химийн бодисыг зааврын дагуу шүршинэ.

.

Хураалт

Цэцэгт байцааны толгой үүсч эхлэх үеэс нарны гэрлээс хамгаалж оройн навчийг хумих шаардлагатай. Бүтээгдэхүүнт эрхтэн буюу цэцэгт толгой өнгөө алдаагүй, няцраагүй, хортон шавьжид идэгдээгүй, илжирч муудаагүй эрүүл бүтэн, шинэ цэвэр байх ёстой. Толгой нягт чанга, задраагүй байна.

Цэцэгт байцааг хураахдаа цэцгийн хөл бүхий суурийг хутгаар огтолж гол шинээс салгаж авах ба хамгаалалтын цөөн навчийг үлдээн хураана. Толгойн голч сортоос хамааран эрт болцтойд 8-10 см, дунд болцтой сорт 10-15 см.

.

Савлалт хадгалалт, тээвэрлэлт

Хадгалалт даах чадвар төдийлөн сайн биш тул харанхуй сэрүүн нөхцөлд 3-7 хоног хадгална. Цэцэгт байцааг харанхуй байранд хадгалах бөгөөд наранд тавивал өнгө нь хувирч захаасаа борлож ялзралт үүсэн улмаар амт чанарт өөрчлөлт орно. Мөн удаан хугацаагаар хадгалж болдоггүй учир хураамагц шинэхэнээр нь хүнсний скочоор сайтар битүүлж хөргөгчний доод тавиурт хадглана. Их хэмжээгээр авсан тохиолдолд огцом хөлдөөлтийн аргаар хөлдөөж гүн хөлдөөн хадгалж болдог. Хадгалах заавар:

- Цэцэгт байцааг мөстэй, хөөсөнцөр саванд нэг үеэр хийж хадгална.

- Цэцэгт байцааг 0-10 С температурт АХЧ-ийн 90-95%-тай нөхцөлд 2 сараас ихгүй хугацаагаар хадгална.

- Цэцэгт байцааг хөргөлтийн төхөөрөмжтэй тээврийн хэрэгсэлээр 0-10С-ийн температурт 1-2 хоног тээвэрлэнэ.

.

Цэцэгт байцааг хоол хүнсэнд хэрэглэх

Цэцэгт байцаагаар хоол хийхийн өмнө гадны бохирдлоос цэвэрлэх нь зүйтэй. Түүний хүнсэнд хэрэглэгддэг цэцэгт мөчрүүд нь элдэв хортон, шороо тоос ихээр агуулдаг. Иймд хэрэглэхийн өмнө багахан давстай усанд хэсэг байлган элдэв хортон, шороо тоосноос цэвэрлэнэ. Цэцэгт байцааг хэт их зөөлөртөл болголгүй, үл ялиг хатуу байхаар жигнэж, болгох нь зүйтэй юм. Жигнэсэн цэцэгт байцаа нь калори багатай тул шингэц сайтай байдаг.

  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01