Цоохор майлз тариалах технологи
Боловсруулсан: П. Алтантуяа /ЭША/, Б.Одончимэг /ЭША/
Дархан-Уул аймаг, 2020 он
Агуулга
- Ач холбогдол.
- Биологийн онцлог.
- Ургамал зүйн онцлог.
- Ээлжлэн тариалалт ба өмнөгч.
- Тарих сортууд.
- Тарих тохиромжтой хөрс ба талбай бэлтгэх.
- Тарилт.
- Арчилгаа, усалгаа, бордоо.
- Өвчин хортон, түүнтэй тэмцэх.
- Хураалт.
- Савлалт хадгалалт, тээвэрлэлт.
- Хоол хүнсэнд хэрэглэх
.
Ач холбогдол
Цоохор майлзын навч болон иш шилбийг хоол хүнсэнд өргөн хэрэглэдэг. Голчлон хуурч идэх ба шөлтэй хоол хуурганд амтлагч болгон хэрэглэсээр ирсэн. Цоохор майлзын навч ишинд хүний биед ашигтай олон төрлийн эрдэс давс витаминт нэгдлүүд агуулагддаг. Анхилуун сайхан үнэртэй тул хүний хоолны дуршлыг нэмэгдүүлж, ходоод гэдэсний үйл ажиллагааг дэмжиж, хоол боловсруулах процессийг идэвхжүүлдэг ач холбогдолтой. Эмчилгээний маш олон талын ач холбогдолтой. Тухайлбал, элэгний халууныг хөөж цусны даралтыг бууруулах, зүрх судасны өвчин, хүний биеийн дархлааны системийг сайжруулах, тархи мэдрэлийн системийн өвчлөл, бөөр давсагны өвчлөл зэргийг анагаах гэх мэт
.
Биологийн онцлог
Цоохор майлз нь хүйтэнсэг ургамал тул хүйтэнд харьцангуй тэсвэртэй. Үр нь 3-40С-д ургаж эхэлдэг. Ургах тохиромжтой дулаан 15-220С Үрслэг болон залуу ургамал зуны эхний хүйтрэлтэд тэсвэртэй. -4-50С-ийг тэсвэрлэх чадвартай. Чийгсүү ургамал. Хөрсний болон агаарын чийгшилтэд өндөр шаардлага тавьдаг. Ялангуяа үндэс үрт сортууд хөрсний чийгшилтийн шаардлага өндөр. Гэрэлд дуртай ургамал.
.
Ургамал зүйн онцлог
Цоохор майлз нь 2 наст ургамал. Түүний сортууд нь навчит, иш шилбэт, булцуу буюу үндэс үрт сорт гэж 3 янз байдаг. 2 ба олон наст ургамал 300-100см хүртэл өндөр ургадаг. Иш шилбэ нь махлаг бүдүүн 3-4см өргөн 50см орчим урт, үндэс үр нь махлаг хавтгайдуу дугуй хэлбэртэй, цагаан саарал, хүрэндүү өнгөтэй. Навчит сортууд нь олон тооны тэвгэн навч үүсгэдэг ба хос өдлөг буюу өдлөн цуулбарлагдсан ромбо хэлбэртэй, тод ногоон өнгийн гялгар 3-6см урт, 2-4см өргөн навчтай. Тослог мэт цагаан өнгийн 2-3мм голч бүхий шүхэр баг цэцэгтэй, үр нь 1.5-2 мм өргөссөн өндөг, бөөрөнхий хэлбэртэй. Үндэс нь голлосон хэлбэртэй бөгөөд махлаг зузаан. Үндэс нь бүдүүрсээр үндэс үр үүсгэдэг. Үндэс үр хавтгайдуу дугуй, дугуй хэлбэртэй, цагаан саарал, боровтор өнгөтэй. 400-800г хүртэл жинтэй.
.
Ээлжлэн тариалалт ба өмнөгч
Ямар ч таримал сайн өмнөгч болдог тул дурын ургамалтай зохицдог. Намрын гүн хагалгаар боловсруулсан талбай нэн тохиромжтой.
.
Тарих сортууд
Навчит сортуудыг шинэхэн хэрэглээний ногоон навчны ургац авах зорилгоор 80-100 хоног, иш шилбэт сортуудыг намар хэрэглээний ургац авах зорилгоор 100-120 хоног, харин үндэс үрийг намар орой хурааж хадгалалтанд оруулах зорилгоор тарьдаг ба 180-200 хоног ургуулдаг.
Цоохор майлзын голлох сортууд
Хэв шинж |
Сорт |
Ургалтын хугацаа |
Зориулалт |
Үндэс үрт |
Егор |
Дунд болцтой 170-180 хоног |
Үндэс үр 200-900г, хадгалалт сайн даадаг. Ургац 3-3.5кг/м2 |
Яблочный |
Эрт болцтой 140-155 хоног |
Зууш, салат, консервлэхэд тохиромжтой |
|
Ишт/ шилбэт |
Атлант |
Дунд болцтой 170 хоног |
Эгц шулуун хүчирхэг иштэй 300-340г жинтэй. Хоол зууш |
Золотой |
Дунд болцтой 170 хоног |
Үнэр амт гойд сорт 7-10-р сар хүртэл ургацаа өгнө |
|
Навчит |
Парус |
Дунд болцтой 70-80 хоног |
Тод ногоон гялгар навчтай Нэг ургамлын жин 600-650г |
Самурай |
Дунд болцтой 72-82 хоног |
Ногоон навчны өндөр ургацтай 3.8-4.0кг/м2 |
.
Нутагшсан сорт: АНАР
Дунд эртийн болцтой нутагшсан сорт. Өндөг хэлбэрийн цуулбар бүхий, хар ногоон өнгийн навчтаы. Навчны бариул урт 18 см урт. Навч нь хэвтээ байрлалтай, Хүйтэн, өвчин хортонд тэсвэртэй. Ургалтын хугацаа эхний жилд 140-160 хоног. Ургалтын хугацаанд 2-оос дээш хэд хэдэн удаа хэрэгцээний хирээр навчийг тайрч хүнсэнд хэрэглэх боломжтой. Анхилуун сайхан үнэртэй. Ургац 0.4-0.8кг/м2 Манай орны газар тариалангийн төв бүсэд бүрэн нутагшсан. Эхний жил ногоон навчны 2 дахь жил үндэс үрийн ургац өгдөг.
.
Тарих тохиромжтой хөрс ба талбай бэлтгэх
Ялзмагаар баялаг шавранцар, элсэнцэр хөрс шаарддаг. Хөрсний урвалын орчин pH-7 байхад тохиромжтой Сул хүчиллэг, саармаг урвалын орчинтой хүнд шавранцар хөрсөнд ургана. Талбайг хавар 4-р сарын сүүлч, 5-р сарын эхээр анжис борнойн агрегатаар 20-25 см гүн хагалж борнойдон хөрсний гадаргууг тэгшлэнэ. Багахан талбайд тарих бол хүрзээр гишгэн хагалж тармуураар бөөн шороог буталж тэгшлээд тарина
.
Тарилт
Цоохор майлзын ногоон навчны ургац авах зорилгоор тарих бол үрээр тарина. Хавар 5-р сарын эхээр тарина. Болоьсруулж бэлтгэсэн тэгш талбайд үрийг 0.5-1см гүнд 1.5-2г/м2 нормоор тарих ба нарийн шүүртэй услуураар зөөлөн услана. Үр нь тарьсанаас хойш 12-15 хоноод соёолж эхэлнэ.
Ишт хэлбэрийн цоохор майлзыг тарих бол үрсэлгээр тарина. Үрслэгийг манай орны нөхцөлд хүлэмж дарлаганд болон гэрт хайрцаг саванд тарьж болно. Хавар 4-р сарын эхний 10 хоногт үржил шимт шороон хөрс бэлтгээд тарина. Үрийг 3х5см зайтай 0.5см гүнд 0.8-1.2г/м2 үрийн нормоор суулгана. Үрслэг ургуулах горим байцаа, лооль болон бусад таримлын үрслэгтэй адил усалгаа, нэмэлт бордоо, хог ургамал түүх, цөөлөх зэрэг арчилгааг хийнэ Мөн гадна орчинд дасгах өлчиржүүлэх арга хэмжээг авна. Ургах тохиромжтой нөхцөл 160С хэм. Өдөрт усалгааг тогтмол хийж шаардлагатай бол нэмэлт гэрэлтүүлэг тавина.
Үрслэгийг 40-50 хоног ургуулаад ил талбайд шилжүүлнэ. Үрслэгийн ургамал 4-5 навчтай байх нь зүйтэй. Хавар 5-р сарын 25-наас 6-р сарын 5-ны хооронд ил талбайд 70х20см, 40х40см тэжээлийн талбайд суулгана. Үрслэг суулгах явцад биоялзмагийн бордоо үүрэнд нь 20-30г эсвэл эрдэс бордоог 10л усанд 20-30г нормоор найруулж уусмал хэлбэрээр бордоно.
.
Арчилгаа, усалгаа, бордоо
Ургалтын хугацаанд хөрсний чийгшилтийн нөхцөлийг тогтмол нэгэн хэвийн жинд байлгах үүднээс усалгааг байнга хийж тогтмол усална. Ногоон навчны ургац авах зорилгоор тарихад соёололт жигдэрч 2-3 навчтай байхад азотын бордоо 20-25ц/га, суферфостфат 15-20ц/га нормоор, үр гарган авах зорилгоор тарьсан талбайд навчлалтын үе шатанд N60 P25 К20 нормоор тус тус бордоно.
.
Өвчин хортон, түүнтэй тэмцэх
Цоохор майлз анхилуун үнэрт навчит ургамал тул төдийлэн өвчин хортонд нэрвэгддэгүй тэсвэртэй ургамал. Урьдчилан сэргийлэх үүднээс цухуйлт соёололт жигдэрсэн үеэс ургамлын хандмал бэлтгэн найруулаад 2-3 хоногийн давтамжтай 3-4 удаа шүршиж хэрэглэнэ.
.
Хураалт
Анхилуун үнэрт ногоон навч, болон иш шилбэний шинэхэн ургац хураах бол хэрэглээний болцод хүрсэн үеэс намар орой болтол хайчилж хураана. Хэрэглээнээс хамааран навчийг зуны турш 2 удаа тайрч хураана. Үндэс үрт сортыг намар эрт хураана
.
Савлалт хадгалалт, тээвэрлэлт
Зах зээлд арилжаалах, худалдаанд нийлүүлэх майлзыг навч иш хатуурч хөгшрөөгүй байхад хайчилж хураагаад ялгалт хийнэ. Цэвэрхэн сортын хэлбэр дүрсээ сайтар хадгалсан эгц шулуун иштэй, гялгар тод ногоон өнгийн навчтай ургамлуудыг сонгож шарласан хатсан гэмтэлтэй иг навчнаас салгаж багцлаад сагс саванд хийж 0-20 С хэмтэй нөхцөлд хадгалж тээвэрлэнэ
.
Хоол хүнсэнд хэрэглэх
Цоохор майлзыг шөлтэй хоол, төрөл бүрийн мах амтлахад голчлон хэрэглэнэ. Ялангуяа котлет, шарсан мах амтлахад ашиглана. Мөн үндэс үрийг консерв нөөшинд хийхэд нэн тохиромжтой. Навчийг жижиглэн хэрчээд сүүдэр газар хатаана. Хатаасан навчийг буцалсан усанд хийж хандлаад эмчилгээний журмаар ууна.