Лабораторийн ЭШАжилчдын анхааралд:                                                                         zar med 3                                                                         zar ,edee 2                                                                          Буцах

Улаан лууван тариалах технологи

Боловсруулсан: Ж.Байгалмаа, доктор Ph, Ц.Нарандэлгэр, доктор Ph

Дархан-Уул аймаг, 2020 он

Агуулга

- Ач холбогдол.

- Биологийн онцлог.

- Ээлжлэн тариалалт.

- Хөрс бэлтгэх.

- Тарилт.

- Арчилгаа.

- Хураалт.

- Хадгалалт.

- Тарих сортууд.

.

Ач холбогдол

Хүнсний ногооны таримлуудаас хамгийн эрт боловсордог тул түүнийг эртний ногоо гэж нэрлэх төдийгүй хавар эрт амин дэм нөхөгч ногоо гэж үздэг.

Бусад үндэс үрт таримлаас шим тэжээлийн бодис хомс хэдий ч эмчилгээний ач холбогдол өндөр. Түүнд агуулагдах диастаза фермент нь хүний биед дэх сахарын хэмжээг буруулах үйлчилгээ үзүүлэхээс гадна антоцианы агууламж нь хавдраас урьдчилан сэргийлнэ. Йодын агуулалт өндөртэй тул ой санамжийг сайжруулаад зогсохгүй бодох, сэтгэх чадварыг дээшлүүлнэ. Харин В төрлийн амин дэмүүд нь мэдрэлийн системийг сайжруулах, сэтгэлийн хямралыг дарангуйлан, стрессийг багасгадаг.

.

Биологийн онцлог

Улаан лууван (Raphanus sativus var. radicula) нэг наст, солбицон тоос хүртдэг, тоонолжин цэцэгтний овгийн тарималд хамрагдана.

Улаан луувангийн сортуудын үндэс үр нь 4-200С хэмд, 10-20 хоногийн хугацаанд үүсдэг. Харин урт өдрийн нөхцөлд, хэт удаан үргэлжлэх хаврын хүйтэнд болон зуны хэт халуунд үндэс үр үүсэхгүй шууд цэцгийн иш үүсдэг онцлогтой. Улаан лууван хүйтэнд тэсвэртэй, үр нь 3-40С хэмд ургах чадвартай. Ургах тохиромжтой температур нь 160С. Хөрсний дулаан 250С хэмтэй байхад цухуйснаас хойш 20 хоногтоо үндэс үр боловсорно. Харин 15-180С байхад 30-35 хоногт техникийн болц гүйцэнэ.

.

Ээлжлэн тариалалт

Тоонолжин цэцэгтний таримлуудаас бусад таримлууд сайн урьдавч болно. Улаан лууванг голлох таримлаар тариалах боловч дахин тариалах тарималд эрт ургацын төмсний дараа болон бөөрөнхий цагаан байцай, цэцэгт байцай, хэмхэд өтгөрүүлэгч болгон тариалдаг. Харин байцай, сармаг манжин, навчит салат гэх таримлуудын дараа огт тарьж болдоггүй.

.

Хөрс бэлтгэх

Хөнгөн, үржил шим сайтай (элсэрхэг, хүрэн) хөрсөнд илүү ургана. Тарихын өмнө үндсэн бордоонд эрдэс бордоог (NPK). Үржил шим болон азотын агууламж муутай хөрсөнд ялзарсан бууцаар бордоно. Мөн азот, фосфорын бордоог 30г/м2, калийг 80-100 г/м2 тооцож бордоно. Тарих талбай нарны тусгал сайтай, ээвэр талбайг сонгоно.

.

Тарилт

Улаан лууванг хэд хэдэн хугацаанд тарина. Хамгийн эхний тарилт IV сарын эхэн үед хийх ба дараагийнх нь 10-15 хоногийн зайтай тариалж болно. Мөн намар VIII сарын сүүлчээс IX сарын эхэнд хийнэ. Нэгж талбайгаас хураан авах ургацыг нэмэгдүүлэх, чанартай таваарын бүтээгдэхүүн хурааж авахын тулд 2.5 мм хүртэл хэмжээтэй үрээр тарилтыг хийнэ. Жижиг хэмжээтэй үр нь цэцгийн иш үүсгэдэг. Манай орны нөхцөлд зуны тарилт хийдэггүй онцлогтой.

Үрийг тарихдаа 1.5-2 см - ийн гүнд 5-10 эгнээгээр туузлан тарих ба тууз хооронд 45 см, эгнээ хооронд 10-12 см байвал зохино.

Улаан луувангийн сорт болон түүний биологийн онцлогоос шалтгаалж хамгаалагдсан хөрс буюу ил талбайд тариална. Эрт болцтой сортыг 7 х 5 см, 8 х 5 см, орой болцтой сортыг 10 х 6 см зайтай тарих бөгөөд дэрээс нь 2 см зузаан ялзарсан бууцаар хучна.

Зураг 1. Улаан лууванг хүлэмжинд тарьсан байдал

.

Арчилгаа

Хөрсний өрөмтлөөс хамгаалж усалгаа бүрийн дараа сийрүүлэлт хийж өгнө. Хөрсийг сийрэг байлгах нь хамгийн чухал. Жинхэнэ 2 навч гарсан үед цөөлөлт хийнэ.

Зураг 2. Улаан лууванд цөөлөлт хийсэн байдал

Усалгааг өдөрт 2 удаа хийнэ, өглөө эрт болон орой. Усалгааг өдрийн халуунд хийвэл навчны гадаргуугаар ууршиж ургамалд ашиглагдахгүйгээс гадна үндэс үр нь гашуун амттай болдог. Үндэс үр үүсэж эхлэх үед усалгаатай хамт нэмэлтээр эрдэс бордоо (P50K50) хийхэд удаан хадгалах боломжтой.

.

Хураалт

Улаан луувангийн хураалтыг тухайн тарьсан сортын болцоос хамаарч хураана. Сорт болон боловсрох хугацааг харгалзан хураалтыг хожимдуулахгүй байх нь хамгийн чухал. Эрт болцтой сортыг эрт хураах нь ойлгомжтой боловч хураалтыг хийлгүй 2-3 хоног болоход үндэс үр нь моджих, хөндий үүсэх, хадгалалт даах чадвар буурах зэрэг шинжүүд илэрнэ. Дундын болон орой болцтой сортуудын ургалтын хугацаа удаан үргэлжлэх боловч тээвэрлэлт, хадгалалт даах чадвар өндөр байдаг. Мөн хураалт хийхийн өмнөх орой усалж маргааш өглөө нь хураавал хадгалалт сайн даадаг. Хураалтыг болц гүйцсэн үндэс үрийг түүвэрлэн хураах ба дараа нь үлдэгдлийг нь нэг мөсөн хураана. Хураасан лууванг иш навчийг тайрч ангилж савлана.

.

Хадгалалт

Улаан луувангийн үндэс үрийг хураасны дараа иш навчийг тарч, цэвэр усаар угааж шорооноос салган нийлэг хальсан уутанд савлаж хөргүүрт 2 долоо хоногийн турш хадгалах боломжтой.

.

Тарих сортууд

Красный великан – дундын болцтой (36-50 хоног), манай оронд 1975 онд нутагшуулсан. Арвин ургацтай (2.5-4.5 кг/м2), 6-12 ширхэг том навчтай 10-14 см өндөр ургадаг. Үндэс үрийн хэлбэр уртассан цилиндр, тод улаан өнгөтэй, цайвар ягаан өнгийн хөндлөн судалтай. Үндэс үрийн дундаж жин 50-100 г, 13-14 см урттай. Үндэс үрийн махлаг эд шүүслэг, цагаан өнгөтэй, чихэрлэг, бага зэргийн аагтай. Хадгалах горимыг хангасан нөхцөлд 3-4 сар хадгалалт даана. Намар өвлийн хүлэмжинд тарихад тохиромжтой.

Розовый с белым кончиком – дунд эртийн болцтой (25-30 хоног), манай оронд 1975 онд нутагшуулсан. Үндэс үр нь бөөрөнхий хэлбэрийн, 30-45 г жинтэй, гөлгөр гадаргуутай, улаан ягаанаас хүрэн улаан хүртэл хальсны өнгөтэй. Ил талбайд ургуулахад тохиромжтой. Ургац 1-2 кг/м2, хураалтыг цаг алдалгүй хийхгүй бол гол нь хөндийрнө.

Алтанбулаг – манай оронд 1995 онд нутагшуулсан, дундын болцтой (45-50 хоног). Үндэс үр нь уртассан гозгой хэлбэртэй, улаан ягаан өнгийн хальстай. Дундаж ургац 5.5-6 кг/м2, 11.4-26 мг% хүртэл С амин дэм агуулна. Ил талбайд ургуулахад тохиромжтой.

Софит – манай оронд 2016 онд нутагшуулсан, эртийн болцтой. Үндэс үр нь хавтгайдуу бөөрөнхий хэлбэртэй, гөлгөр гадаргуутай, 20-25 г дундаж жинтэй. Хальсны өнгө тод улаан. Махлаг эд нь шүүслэг, нягт, цагаан өнгөтэй, бага зэргийн аагтай. Ургац 1.6-3.2 кг/м2, таваарлаг чанар өндөртэй (90%). Ил талбайн болон хүлэмжийн аль ч нөхцөлд ургуулахад тохиромжтой.

Зураг 3. Улаан луувангийн Софит сорт

  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01