Урт сонгино тариалах технологи
Боловсруулсан: П.Насан-Ариун, П.Алтантуяа
Дархан-Уул аймаг, 2020 он
Агуулга
- Ач холбогдол.
- Биологи шинж чанар.
- Өмнөгч, хөрс боловсруулалт.
- Сортууд.
- Тарилт.
- Усалгаа.
- Бордоо.
- Хураалт.
- Өвчин, хортон.
- Тэмцэх арга
.
Ач холбогдол
Манай орны аль ч бүс нутагт урт сонгиныг усалгаатай талбайд тариална. Ургуулахад хялбар бөгөөд хүнс эмчилгээний ач холбогдол сайтай ургамал. Урт сонгины цоорлиг ногоон навчинд каротин, сахар, С амин дэм эфирийн тос, кали, магнийн давс, төмөр, тиамин агуулагддаг. Ааг сайтай, хурц амттай. С амин дэм болон фитонцидийн агууламжаар баялаг. Хоол хүнсэнд өргөн ашиглагддаг ба шууд шинэ байдлаар нь хэрэглэнэ. Анагаах ухаанд цусны даралт бууруулах, цусны хялгасан судсыг тэлэх процессыг дэмжих, ходоод гэдэсний үрэвсэл намдаах зэрэг ач холбогдолтой.
.
Биологи шинж чанар
Үр нь 2-40С-д ургаж эхлэх ба ургах тохиромжтой дулаан 20-220С. Хүйтрэлтийг сайн даана. Өвөлдөө -400С –ийг тэсвэрлэнэ. Урт сонгино бол урт өдрийн ургамал. Богино өдрийн /9-10 цаг/ нөхцөлд навчны өсөлт удааширч, богино туяхан болж, цоор цэцэглэхгүй. Ургамлын үндэс 1-30С –ийн дулаанд ургаж эхэлнэ. Хөрсний рН 6.5-7.5
.
Өмнөгч, хөрс боловсруулалт
Төмс, байцаа, гуатан ургамал, лооль, шар манжин тарьж байсан талбай тохиромжтой. Нэг байранд олон жил ургуулах учраас хамгийн үржил шимтэй хөрс шаардана. Чийг шим тэжээлийн бодисоор баялаг хөрсөнд усалгаагаар дутаалгүй таривал шүүслэг чанар, ааг амт улам сайжирна. Сонгино ургуулах талбайг намар цэвдэгш хагалгаагаар гүн (22-25см) боловсруулж борнойдно. Эсвэл хавар талбайд бууц бордоогоо цацсаны дараа 20-22см гүн хагалж борнойдно.
.
Сортууд
Алтай: Эрт ургацын ногоон сонгино 40-85 цн/га ургац өгдөг. Сортын онцлог нь: арвин ургацтай хожуу хөгширдөг, ногоон масс ихтэй, үрийн ургац 2.0-3.5 цн/га С амин дэм 1.54 мг/% хуурай бодис 11.4-20.78%, саахар 2.1-10.9% агуулна. 1995 онд нутагшсан сортоор батлагдсан.
.
Руский зимний: Дунд эртийн болцтой. Навч нь цайвар ногоон, гадаргуу нь өнгөртэй, навчны урт 33 см урт. Бутлаг хэлбэртэй ургадаг. Өвөлжилт сайн даана. Хавар сэргэн ургаж эхэлснээс 27-30 хоногт хэрэглээний ургац өгнө. 2-3 удаа ногоон сонгины ургац өгнө. Зуны нийт хугацаанд 1м2-аас 3.5 кг ургац өгнө. 2015 онд ирээдүйтэй сортоор батлагдсан. Өвчинд тэсвэртэй.
.
Тарилт
Үрийг тарихын өмнө 1 кг –д 0.8 л бүлээн ус хийж чийглэж 1-2 өдөр байлгаж дэвтээх ба усыг 2-3 удаа солино. Чийглэсэн үрийг тусгай бэлтгэсэн тавцан буюу брезентэн дээр дэлгэж сэврээгээд максимаар ариутгана. Үрийг 5-р сарын сүүлч 7-р сарын эхний 10 хоногт багтаан 1 га талбайд 18-20 кг үрээр тооцож 2-3 см гүнд энгийн мөрөөр тарина.
Ургалтын үеийн арчилгаа
Сонгины цоор 8-12 см хүрсэн үед 15 см суман хутга бүхий сийрүүлүүрээр анхны сийрүүлэлтийг 8 см гүнд дараагийн сийрүүлэлтийг 10-12 см-ийн гүнд нэмэлт бордооны хамт, гурав дугаар сийрүүлэлтийг 12-15 см гүнд хийнэ. Эцсийн сийрүүлэлтийг намар маналттай хавсаргаж хийнэ. Шаардлагатай үед хоёр удаа манаж болно. Хавар эрт тариалж ногоон массын ургац 2 удаа хураасан бол үндэс орчмыг сайтар манаж өвөлжүүлнэ
.
Усалгаа
Талбайд намар, хавар 500-600 м/3га нормоор цэнэг усалгаа хийнэ. Ургалтын хугацаанд 300-400 м3/га нормоор бодож 4-6 удаа усална. Өсөлт хөгжилтийн эхний үед чийгийг их шаардах тул хөрсний чийгийг харгалзан соёололт эхлэлт, жигдрэлтийн үед бага нормоор 1-2 удаа услаж өгөх хэрэгтэй. Зуны бороог угтуулан 6 дугаар сарын дундуур 7 дугаар сарын эхний 10 хоногт 300-350 шоо м/га нормоор бодож услахад тохиромжтой. Усалгааг өдөр халуун наранд хийхэд ургамал их сульддаг. Өглөө оройн сэрүүнд хийвэл зүйтэй.
.
Бордоо
Өсөлт хөгжилтийн эхний үед азотын бордоог их хэмжээтэй шаардана. Эхний нэмэгдэл тэжээлээр КОН-2.8 сийрүүлүүрээр ба гараар 2-3 ц/га азотоор бордоно. Ургалтын хугацаанд азот, фосфор, калийн бордоог 1:2:1-ийн харьцаагаар 1 га-д 200-300 кг-аар бодож бордоно.
.
Хураалт
Урт сонгины хураалтын технологи ихээхэн онцлогтой. Олон наст ургамал бөгөөд ургах эрчим болон таваарлаг чанар сайтай тул тасралтгүй ургац өгдөг.
Шинэ ургацын ногоон сонгиныг 5-р сараас 7-р сар хүртэл худалдаанд гаргах боломжтой. Хураахын өмнө бага зэрэг усалж сэврээгээд хөрсийг зөөлрүүлэх ба ургамлыг бүтнээр нь сугалж үндэсийг усанд зайлж шорооноос салгана. Хураасан сонгиноо 5-10-аар багцлан боож худалдаанд нийлүүлэхэд бэлэн болгоно.
Урт сонгиныг нэг талбайд 2-3 жил, зарим тохиолдолд 4-5 жил байлган ургац хураах боломжтой. Энэ үед хэрэглээний ногоон сонгино ба үрийн ургац өгнө. Урт сонгиныг жилд 2-оос илүү тайрч хэрэглэхэд өвөлжих чадвар сулдаж ургац буурдаг. Нэг талбайд 4 жилээс дээш тариалахгүй.
Хавар эрт 5-р сарын 10-аас эхлэн тариалхад зун 7-р сард ногоон иш навчийг 25 см өндөр болсон үеэс ногоон цоорыг хайчлан авч хүнсэнд хэрэглэх ба ингэснээр иш нь бутлан ургаж намар дахин ногоон массны ургац өгдөг.
Урт сонгины хураалтын технологи ихээхэн онцлогтой. Олон наст ургамал бөгөөд ургах эрчим болон таваарлаг чанар сайтай тул тасралтгүй ургац өгдөг. 2 дахь жилээ хэрэглээний ургац хураах мөн үр авч болно. Энэ үед анхаарах гол арчилгаа усалгаа хөрс сийрүүлэлт нэмэлт тэжээл юм. Ургалтын хугацаанд 3-4 удаа усалж, 3-5 удаа хөрсийг сийрүүлэнэ. Нэмэлт тэжээлийг эхний жилтэй адил өгнө. Хамгийн гол анхаарах зүйл өвчин хортны хөнөөлөөс хамгаалах явдал байдаг. Харин үр хураан авах бол усалгаа бордоог нэмэгдүүлэн арчилж үрийг гүйцэд боловсортол арчлан ургуулна. Намар 9-р сарын сүүлчээр толгойг хайчлан авч үрийг цайруулж цэвэрлэнэ. Үрийн ургац 1м2 талбайгаас 40-50г орчим байдаг ба 1000 үрийн жин 2.5г. 1 г үрэнд 400-420г орчим үр байдаг.
.
Өвчин, хортон
Сонгины ялаа -Delia Antigua Mg
Бие гүйцсэн шавьж нь 6-7 мм урт биетэй, цайвар өнгийн, хар хөлтэй, гэрийн ялаатай төстэй. 5 сарын дундуур нисэж эхлэх ба сонгины хайрсны уг орчимд өндөглөнө. Авгалдай нь цагаан өнгийн, хөлгүй толгойгүй. Гэмтсэн ургамлын навч үзүүрээсээ шарлаж эхлэх ба авгалдай нь сонгины булцуунд нэвтрэн орж ялзруулна. 6 сард ихээхэн хор хөнөөл учруулна.
.
Сонгины төвгөрт дүнгэнүүр ялаа-Eumerus tuberculatus R
Бие гүйцсэн ялаа гялтганасан ногоовтор өнгөтэй, хэвлийн хажуу талаар хагас сар хэлбэрийн тод гурван толботой. Авгалдай нь намар 8-9 сард хөнөөл учруулж сонгинотой хамт хураагддаг. Гэмтэлтэй сонгиныг талбайгаас зайлуулна. Гэмтсэн сонгины навчны үзүүр хэсэг эхлэн шарлаж хатах ба сонгинолог хэсэг нь ялзардаг.
.
Тэмцэх арга
Фаскорд, Борей- Шавжны хорыг ургалтын эхэн үе буюу 5-р сарын сүүлч 6-р сарын эхээр, 7 сарын дундуур урьдчилан сэргийлэх байдлаар 0.15-0.2 л/га нормоор 200-300 л ажлын уусмалд найруулан талбайд цацна.